Н.Хүрэлбаатар: Монгол Улсад 105 700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий

2019-07-1 Мэдээ, мэдээлэл

 

 

 

Ази, Номхон далайн  бүсийн орнуудын Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээ болон Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв улс орнуудын Засгийн газар, олон улсын байгууллагуудтай хамтран Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн сэргээн засах конгрессыг дөрвөн жил тутам зохион байгуулдаг. Анхдугаар хурал 2008 онд “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлье” уриатайгаар Тайланд улсад болж 53 орны 650 гаруй төлөөлөл оролцсон бол хоёрдугаар хурлыг 2011 онд Филиппин улсад “Хүн бүрийг хамт олонтой болгоно” сэдвийн дор зохион байгуулахад 32 орны 550 гаруй хүн оролцжээ. Гуравдугаар хурал Японы Токио хотноо 2015 онд  “Ядуурлыг бууруулж, хамт олонд хамруулан хөгжүүлэх ба тогтвортой хөгжлийн зорилтууд”  сэдвийн дор болж 500 гаруй төлөөлөгч хуран чуулсан байна. Манай улсад долдугаар сарын 2-3-нд болох IV  конгрессыг “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаар дамжуулан тогтвортой нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих нь”  сэдвээр зохион байгуулах юм.

Монгол Улсад анх удаа зохион байгуулж буй бүс нутгийн хэмжээний энэхүү томоохон арга хэмжээнд 43 орноос 600 гаруй төлөөлөгч оролцох бөгөөд тэдний 40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд бусад нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, олон улсын байгууллагынхан байх юм.

Конгрессын талаар С.Чинзориг сайд  “Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 2018 онд Ази, Номхон далайн бүсийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн тогтоол гаргасан. Энэ тогтоолыг үндэслэж Ерөнхий сайдын захирамж гарч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ахлуулсан Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессыг зохион байгуулах үндэсний хороог байгуулсан. Энэ нэг жилийн хугацаанд бид Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх IV конгрессын бэлтгэл ажлыг хангаж байна.

Энэ чуулганд нийтдээ 600 гаруй төлөөлөгч оролцохоор урьдчилсан байдлаар бүртгүүлсний 200 орчим нь гадаадын төлөөлөгч байх бөгөөд нийт оролцогчийн  40 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь тэд тулгамдаж буй асуудлаа бүс нутгийн хэмжээнд ярилцаж, нэг нэгнээсээ сайн туршлагыг нь судалж, улс орондоо хэрэгжүүлэх сайхан боломж гэж харж байгаа” хэмээгээд Конгресст бэлтгэх хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлаасаа танилцуулсан.

Ерөнхий сайдын зөвлөх Н.Хүрэлбаатар “Монгол Улсын Засгийн газар хүн төвтэй хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ хүрээндээ олон талт ажлыг хийж байгаагийн нэг чухал хэсэг нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй холбоотой бөгөөд тэдний нийгмийн халамж, эрх ашгийг хамгаалах, оролцоог дэмжих, хамгааллыг сайжруулах хүрээнд бодлого эрх зүйн орчныг сайжруулах төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар олон ажил хийж байгаа. Монгол Улсад 105 700 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байгаа гэсэн статистик бий.

Эдгээр иргэн бүрт хүрч ажиллахын тулд 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулсан. Энэ агентлагийг байгуулснаар салбар дундын үйл ажилллагааг уялдуулах хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүрч ажиллах тал дээр ахиц гарч байгаа. Мөн Ерөнхий сайдын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, салбар дундын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохицуулах, бодлогын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангах үүрэгтэй Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үндэсний зөвлөлийг байгуулсан. Ерөнхий сайд болон Засгийн газрын зүгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандсан үйл ажиллагаанд онцгой анхаарч байгаагийн илрэл нь энэ удаагийн Ази, Номхон далайн бүсийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хамт олонд түшиглэн хөгжүүлэх IV конгресс юм” хэмээсэн.

Энэ удаагийн Конгресс “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг эдийн засгийн хувьд эрх мэдэлжүүлэхэд чиглэсэн хамтын ажиллагаа”, “Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлагаын сайн туршлага”, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангахад чиглэсэн бүс нутгийн болон олон улсын хамтын ажиллагаа: 2015 оноос хойших ололт амжилт болон тулгарч буй бэрхшээл” гэсэн гурван сэдвээр нэгдсэн хуралдаан, 18 салбар хуралдаан хийх бөгөөд салбар хуралдаанд 72 илтгэл хэлэлцэхээр сонгоод байгаа юм.

Конгрессын бэлтгэлийг хангах хүрээнд зургаан дэд ажлын хэсэг бүхий Техникийн ажлын хэсгийг ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяраар ахлуулан нэг жилийн хугацаанд ажиллуулсан бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй орчныг бий болгохын төлөө чамгүй олон ажлыг хийж амжуулаад байгаа юм. Мэдээллийн хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхийн тулд оны эхнээс www.apcbid2019.mn сайтыг нээн ажиллуулж конгрессын талаарх бүхий л мэдээллийг хүргэж буйгаас гадна Конгресс зохион байгуулахтай уялдуулан “Чингис хаан”, “Блю Скай”, “Ибис Стайлс”, “Улаанбаатар”, “Шангри-Ла” зэрэг 10 гаруй зочид буудлын 170 гаруй ажилтанд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголт мэдлэг өгөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй хэрхэн харилцах тэдэнд хэрхэн дэмжлэг үзүүлж үйлчлэх талаар сургалт зохион байгуулж, конгрессын үеэр ажиллах цагдаа, онцгой, эрүүл мэнд, нисэхийн ажилтнуудыг сургалтад хамруулсан. Монголын скаутын холбоо, Улаан загалмай нийгэмлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаарх ТББ-уудтай хамтран нийт 370 гаруй сайн дурын ажилтнаас 100-г конгрессын үеэр ажиллуулахаар сонгоод байна.

Дэд бүтцийг сайжруулахад нийслэлээс анхаарч 136 гудамж, 11900 м2 хэвтээ замын тэмдэглэгээ хийсэн. Дуут гэрлэн дохиог гурван газар нэмж байрлуулан  гаднаас ирж буй зочдыг хил, гаалиар хүндрэл, саадгүй нэвтрүүлэх, тэдгээр иргэдийн туслах хэрэгсэл, зайлшгүй биедээ авч явах шаардлага бүхий зүйлсийг  зөв зохистой шалгах зэргийг анхааралдаа авч шаардлагатай сургалт, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулах  холбогдох байгууллагуудад зохион байгуулсан. Гадаад, дотоодын зочдын аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулан Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Нийслэлийн цагдаагийн газар, Онцгой байдлын газар зэрэг байгууллагуудын төлөөллөөс бүрдсэн яаралтай  тусламжийн багийг бүрдүүлж “Чингис хаан” нисэх буудалд зочдыг угтах, зочид буудалд хүргэх зэрэг аюулгүй байдлыг хангах Шуурхай удирдлагын төвийг ажиллуулж байгаа зэрэг олон мэдээллийг зохион байгуулагчид өгч байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.