Наадмын өмнө шатахууны үнэ литр тутамд 50-60 төгрөгөөр, нийтдээ 120 орчим төгрөгөөр буурах төлөвтэй байна. Энэ талаар УУХҮЯ-наас сар бүр хийдэг “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн хурал дээр өнөөдөр АМГТГ-ын орлогч дарга Ц.Эрдэнэбаяр мэдэгдлээ.
Мэдээллийн эхэнд, УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар уул уурхайгаас улсын төсөвт 1.2 их наяд төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн талаарх салбарын энэ оны эхний таван сарын статистик мэдээллийг танилцуулсан юм. Улсын төсөвт оруулсан орлого өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 318.2 тэрбум төгрөг буюу 37.4 хувиар өссөн байна. Үүнээс алт 15.8 тэрбум төгрөг, нүүрс 523.3 тэрбум төгрөг, цайр 41.4тэрбум төгрөг, зэс 531 тэрбум төгрөг, төмөр 9.8 тэрбум төгрөг, жонш 13.5 тэрбум төгрөг, бусад 35.1 тэрбум төгрөг тус тус төвлөрүүлжээ.
Мэдээллийн дараа, сэтгүүлчид ихэвчлэн шатахууны үнийг хөндөн асууж байв. Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр хариулахдаа, “Өнгөрсөн сарын сүүлийн долоо хоногт ОХУ-аас нийлүүлсэн нефть тонн тутамдаа 25 ам.доллароор бууж орж ирсэн. Ам.долларын ханш харьцангуй тогтвортой байна. Шатахуун, дизелийн түлш литр тутамд 50-60 төгрөгөөр буурсан байгаа. Зургадугаар сард нефтийн үнэ 40-50 ам.доллароор буурч орж ирэх магадлалтай байгаа учир наадмын өмнө шатахууны үнэ дахин 50-60 төгрөгөөр, нийтдээ 120 орчим төгрөгөөр буурсан байна” гэсэн юм.
“Эрдэнэс Тавантолгой” компанийн 30 хувийг үнэт цаасны зах зээлд гаргах юу болж байна?” гэсэн асуултад УУХҮ-ийн сайд Д.Сумьяабазар, “Бэлтгэл ажлыг сайн хангаж байна. Лондонгийн хөрөнгийн биржид хувьцаа гаргахад бэлтгэл ажил нь 2.5 жил үргэлжилж байх жишээний. Бид охин компани байгуулж түүгээр дамжуулан IPO хийх шаардлагатай байна” гэв.
Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, “Олон улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө босгох нь тогтсон стандарттай байдаг. Монгол Улсын хувьд, төрийн өмчит компани анх удаа IPO гаргах гэж байгаа учраас тодорхой зүйлүүд тулгарч байна. Дотооддоо холбогдох бичиг баримт, нөөцийн баримт, санхүү, хөрөнгө оруулалт, засаглалын менежмент гэсэн чиглэлээр шаардлагатай хэм хэмжээ тогтоосон акт, дүрэм, журам зэрэг холбогдох бүх зүйлийг эхний ээлжинд цэгцлэх ёстой. Энэ ажил 80 гаруй хувьтай байна” гэв.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30422
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.