ЭЕШ: Улсын хэмжээнд 5 хүүхэд математикийн шалгалтдаа 100 хувийн оноо авчээ

2019-06-24 Боловсрол

ЭЕШ: Улсын хэмжээнд 5 хүүхэд математикийн шалгалтдаа 100 хувийн оноо авчээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг зургаадугаар сарын 17-20-ны өдрүүдэд улс орон даяар зохион байгуулсан. Энэ жилийн шалгалтад өнгөрсөн оны төгсөгчтэй нийлээд 18130 шалгуулагч бүртгүүлж, 92 хувийн ирцтэйгээр шалгалтаа өгчээ. Энэ нь хүүхэд шалгалтаасаа хоцорсон гэсэн үг биш, шалгалт өгөхөөр бүртгүүлчихээд өгөхгүй болдог гэнэ.

Өнөөдрийн байдлаар шалгуулагчдад батламж хуудас тарааж байгаа. Энэ жил Боловсролын үнэлгээний төвийнхөн ЭЕШ-ын дүнг газар дээр нь гаргаж, хариуг нь гарсан даруйд нь шалгуулагчийн нүдэн дээр танилцуулж ажилласан. Дараагаар нь хэмжээст оноо руу шилжүүлж, дүн оноог нь Боловсролын үнэлгээний төвийн вэб сайтад нээлттэй байршуулсан юм. Тиймээс энэ жил 64 машин улсын хэмжээнд шууд засалт хийж ажиллахад хариу зөрсөн тохиолдол огт гараагүй аж. Шалгалтын дөрвөн хоногт улсын хэмжээнд давхардсан тоогоор 4500 хүн ажиллажээ.

2019 оны ЭЕШ-ын гол онцлог нь цөм хөтөлбөрөөр суралцсан анхны төгсөгчид төгсч байгаа учраас шалгалтын сэдэв, материалд өмнөх жилүүдээс өөр даалгаврууд орсон байна. Жишээлбэл, энэ жилийн математикийн хичээл дээр улсын хэмжээнд таван хүүхэд 100 оноо авчээ. Эдгээр таван хүүхэд бол үнэхээр мундаг байсан гэсэн үг. Учир нь өмнөх жилүүдэд математикийн шалгалтад таван хүүхэд 100 оноо авч байгаагүй. Энэ 100 оноог улсын дундаж оноо хэд байхаас хамаарч, 800 оноо руу хөрвүүлэхээр олон хүүхэд улсын хэмжээнд 800 оноо авдаг байсан. Энэ жилийн ЭЕШ-д маш хүнд даалгаврууд ирж, хүүхдүүд шалгалтаа амжилттай өгсөн хэмээн Боловсролын үнэлгээний төвийн захирал Ж.Ган-Эрдэнэ онцолсон.

Өмнөх хичээлийн жилүүдтэй харьцуулахад энэ жил Монгол хэл бичгийн шалгалтын дундаж түвшин өссөн үзүүлэлттэй гарчээ. Үүнийг Монгол хэл бичгийн шалгалтын босго оноотой холбон үзэж байгаа. Боловсролын үнэлгээний төвөөс нарийвчилсан дүн шинжилгээг наймдугаар сарын 20-нд боловсруулж гаргах аж. Өнөөдрийн байдлаар тэд ямар нэгэн хичээлийн дүн оноог нэгтгэж, тайлан гаргаж амжаагүй гэв.

Энэ жил ЭЕШ-д дараах хичээлүүдэд шалгуулагч нар шалгалт өгсөн байна.

Математик-13200

Газар зүй-601

Англи хэл-11757

Нийгмийн тухай мэдлэг-11601

Монгол хэл-7526

Физик-5593,

Биологи-3341

Хими-3381

Орос хэл-728

Монгол улсын түүх-706 шалгуулагч тус тус өгчээ.

Түүнчлэн, улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 20 орчим шалгуулагч ЭЕШ өгсөн. Тодруулбал, гурван аймагт хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагч шалгалт өгч, Улаанбаатар хотод хоёрдугаар сургууль дээр төвлөрүүлж, тусгай шалгалтыг зохион байгуулжээ. Одоогоор хөгжлийн бэрхшээлтэй шалгуулагчдын дүн оноог тусгайлан гаргаж амжаагүй. Сонсголын бэрхшээлтэй шалгуулагчдад сонсох дасгал хасагддаг бол харааны бэрхшээлтэй шалгуулагчдын шалгалтын хугацааг нь нэмж өгдөг аж. Харин энэ жилийн ЭЕШ-тай холбоотой өргөдөл, санал гомдол бага байжээ.

Өнөөдрийн онч үг

15 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.