Нийслэлийн Татварын газар, Тээврийн цагдаагийн албанаас автотээврийн өөрөө явагч хэрэгслийн албан татвар, Агаарын бохирдлын төлбөр, Авто зам ашигласны төлбөр хураамжийг хугацаандаа төлөөгүй автотээврийн хэрэгсэл эзэмшигчдэд өнөөдрөөс эхлэн хяналтын үзлэг, шалгалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ.
Өнөөдрөөс эхлэн Нийслэлийн есөн дүүргийн 15 цэгт 30 гаруй байцаагч 20 хоногийн хугацаатайгаар хяналтын үзлэг шалгалт хийхээр болжээ. Ингэхдээ техник хэрэгслийн оношилгоонд хамрагдаж, татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг тусгай төхөөрөмж ашиглан илрүүлж арга хэмжээ авах юм байна.
Нийслэлийн татварын газрын Орлого бүрдүүлэлтийн газрын дарга С.Цэрэнжамц “Татвар төлөгч цахим орчноор төлөх бололцоог хангаж ажиллаж байна. Хуучин татвар төлснийг гэрчилдэг байсан тээврийн хэрэгслийн гэрчилгээг QR кодтой болгож шинэчилсэн. Тиймд тухайн тээврийн хэрэгслийг замын цагдаа нар газар дээр нь татвар төлсөн төлөөгүйг нь мэдэх бүрэн боломжтой. Жолоочид уг гэрчилгээгээ хэвлэж аван, өөртөө авч явсан тохиолдолд татвар төлснийг нь батлах юм.
Хяналт шалгалтын үеэр бичиг баримтаа хураалгаад ирж буй тээврийн хэрэгслийн эзэмшигчдэд хуулийн дагуу хариуцлага ногдуулна. Харин өнөө маргаашийн дотор сайн дураараа автотээврийн үндэсний төвийн татвар хураадаг хэсгүүдэд болон E-tax.mta.mn, цахим хаягаар татвараа төлсөн тохиолдолд асуудал үүсэхгүй” гэв.
Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Г.Эрдэнэсүх “Татвар төлөх нь Замын хөдөлгөөний дүрмийн 27 дугаар бүлэгт орсон дүрмээр зохицуулагдсан асуудал. Иймд жолооч нар цаг тухайд нь татварын асуудлаа шийдчихвэл цаашдын үйл ажиллагаа нь асуудалгүй явагдана. Хэрвээ татвар төлөхгүйгээр хөдөлгөөнд оролцсон тохиолдолд хяналт шалгалтаа эрчимжүүлэн ажиллаж буй энэ үед холбогдох байгууллагууд руу нь шууд шилжүүлэн ажиллана” гэв. Мөн тээврийн хэрэгслийн албан татвар, төлбөрийг төлж буй татвар төлөгч та өөрт ойр байрлах дурын татварын албанд төлөх эсвэл Татварын ерөнхий газрын цахим сайт e-tax.mta.mn хуудсаар дамжуулан онлайнаар төлөх боломжтой.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.