Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй ирэх зургадугаар сарын 8-нд парламентын сонгууль хийхээр болсноо зарлалаа. Парламентын сонгуулийг 2020 онд болох товлосон хугацаанаас нь наана хийхгүй гэж өмнө нь үзэж байсан тэрээр гэнэтийн эргэлт хийсэн нь Британийн хамгийн том асуудал болоод буй Брексит буюу Европын холбооноос гарах гэрээ хэлэлцээнээс үүджээ. Европын холбооноос гарахаар албан ёсоор өргөдлөө өгч, хоёр жилийн дотор бүх яриа хэлэлцээгээ хийж дуусах гээд завгүй байх ёстой Тереза Мэй улс төрд ийнхүү томоохон хөдөлгөөн өрнүүлж орхисон нь Брекситийг амжилттай явуулах л зорилготой гэж өөрийн шийдвэрийг тайлбарлажээ.
Брекситийн процесс эхэлсэн энэ хариуцлагатай үед Британийн улс төрийн нам хүчнүүд “тоглолт хийгээд”, нэг зүг рүү харж чадахгүй байгаа учраас одоогийн парламентыг тарааж, сонгууль явуулахаас өөр арга байхгүй гэж Ерөнхий сайд үзжээ. Тереза Мэй ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Улс орон даяараа санал нэгдчихээд байхад Вестминстр тэдэнтэй нэгдсэнгүй. Брекситийг амжилттай явуулахын тулд дотроо байр сууриа нэгтгэж, тодорхой болгох нь чухал. Үгүй бол улс оронд тогтворгүй, тодорхойгүй байдал ч үүсэх эрсдэлтэй. Европын холбооноос гарах нарийн яриа хэлэлцээнд орохоос өмнө бид өөрсдийн байр суурийг тодорхой болгох хэрэгтэй байна” гэжээ.
Сөрөг хүчин болох Хөдөлмөрийн намын дарга Жереми Корбин ч бас сонгууль явуулахыг дэмжиж байгаа аж. Гэхдээ хугацаанаас нь өмнө сонгууль зарлах эсэхийг парламентаас шийдэх бөгөөд Тереза Мэйгийн санал гишүүдийн гуравны хоёрын дэмжлэгийг хүлээх ёстой юм.
Хэрэв сонгуулийн үр дүн Тереза Мэйгийн хүслээс эсрэгээр гарвал Хөдөлмөрийн нам ч Засгийн эрхийг барьж, тэр суудлаасаа огцорч ч болно. Энэ хувилбарын тухай ч аль хэдийнэ яригдаад эхэлсэн бөгөөд хэрэв Хөдөлмөрийн нам сонгуульд ялвал намын дарга Жереми Корбин Ерөнхий сайд болж, олонх юу хүсч байна тэр дагуу засгийн шийдвэрийг гаргаад явна гэж мэдэгджээ.
Трамп яагаад Эрдоганд баяр хүргэсэн бэ
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган бүх нийтийн санал асуулгад ялсныг баруун Европ тун таагүй хүлээж авсан. Улс орондоо төрийн тогтолцооны шинэчлэл хийхээс илүүтэй өөрийнхөө эрх мэдлийг л батжуулах гэж энэ бүхнийг хийлээ гэж гадаад ертөнцөд шүүмжлүүлж буй Эрдоганд харин АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп утсаар баяр хүргэсэн нь олны анхаарлыг татаж байна. Барууны ертөнц Эрдоганы ялалтыг сөргөөр хүлээн авч байхад Трамп баяр хүргэсэн нь Туркийг НАТО-гийн гишүүн, Ойрхи Дорнод, Европ хоёрыг холбосон гол гүүр гэдэг утгаараа Исламын улсын эсрэг тэмцэхэд чухал холбоотны хувьд харилцаагаа сайн байлгахыг эрмэлзэж буй хэрэг гэж ажиглагчид харж байна.
НАТО-г үеэ өнгөрөөсөн гэж хэлж байсан үгнээсээ Трамп буцаж, энэ эвсэл Исламын улсыг дарахад маш чухал үүрэг оролцоотой гэж сүүлд мэдэгдсэн. Сиритэй хил залгаа, Ойрхи Дорнод,Хойд Африкийн дүрвэгсэд Европ руу нэвтрэх гол гарц болсон Туркгүйгээр дүрвэгсдийн их урсгалыг тогтоон барих, Исламын улсын эсрэг тэмцэхэд бэрх. Тийм ч учраас хэдий барууны ертөнцөд Эрдоганыг дарангуйлагч боллоо хэмээн шүүмжилж буй ч Трамп гар барихаас татгалзахгүй гэдгээ харууллаа. Эрдоган ч түүний баяр хүргэсэн мэндчилгээний хариуд албан ёсоор уулзаж, хоёр улсын харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн байна.
Дашрамд дурдахад, Эрдоган бүх нийтийн санал асуулгад ялснаас хойш анх удаа CNN телевизэд ярилцлага өгөхдөө өөрийгөө дарангуйлагч биш гэж мэдэгджээ. Түүний намын санаачлан гаргасан Үндсэн хуулийн 18 зүйл заалт бүхий багц өөрчлөлтөөр Турк улс одоогийн парламентын засаглалаасаа Ерөнхийлөгчид бүх эрх мэдэл өгсөн шинэ тогтолцоо руу шилжих юм. Энэ нь Туркийн ардчиллыг булшиллаа, Эрдоган дарангуйлагч боллоо гэсэн шүүмжлэл ид өрнөж байгаа ч Ерөнхийлөгч “Үндсэн хуулийн өөрчлөлтийн дүнд олны бодож байгаа шиг дарангуйлал үүсэхгүй.Би дарангуйлагч биш” гэж хэлсэн байна.
Б.Номун
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87368
30414
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.