ЗТХЯ-ны газрын дарга асан Б.Махбалд холбогдох шүүх хурал эхэллээ

2019-04-29 Мэдээ, мэдээлэл

 

Зам, тээврийн хөгжлийн яамны үүдэнд ажилтныхаа аминд хүрсэн гэх хэргээр тус яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга асан Б.Махбалд холбогдох Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн танхимд өнөөдөр эхэллээ.

Хэргийг эргэн сануулбал, ноднин наймдугаар сарын 9-ний 21.45 цагийн үед “ЗТХЯ-ны үүдний дэргэдэх хөшөөний хажууд амиа алдсан хүн байна” гэсэн дуудлага Цагдаагийн байгууллагад иржээ. Цагдаагийн алба хаагчид хэргийн газар очиж шалгахад, ЗТХЯ-ны Хяналт, шинжилгээ дотоод аудитын газрын дарга 38 настай Л.Гомбосүрэн нь гадны нөлөөтэй амиа алдсан байв. Түүний амь насанд халдсан гэх хэрэгт холбогдуулан тус яамны газрын дарга 48 настай Б.Махбалыг сэжигтнээр татан шалгасан. Прокурорын байгууллагаас эл хэргийг хянаад, оны өмнөхөн шүүхэд шилжүүлжээ. Он гарсаар эл хэргийн анхан шатны шүүх хурал дөрвөн удаа хойшилсон юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.