Пак Гын Хэ шүүхийн хаалга татна

2017-04-17 Ертөнц

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэг албан ёсоор яллахаар болж, хэргийг нь шүүхээр шийдвэрлүүлнэ гэдгээ прокурорын газраас мэдэгджээ. Албан тушаалаа урвуулан ашиглаж авлига авсан, улсын нууц задруулсан хэргээр одоо хоригдож буй экс Ерөнхийлөгч ийнхүү шүүхийн хаалга татах нь тодорхой боллоо. Түүнийг өнгөрсөн хугацаанд прокурорт байцааж, саатуулан хорьж байсан ч яллах эсэх нь тодорхойгүй байсан юм.

Экс Ерөнхийлөгчийг шүүх хурал ирэх сарын 9-нд болох Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа, улс төрийн амьдралд намжмал болсны дараа гэлцэж байна.

Тэрээр өөрийн найз Чой Сүн Шилийг үндэснийхээ томоохон корпорацуудаас авлига авахад нь туслаж, компаниудыг албадсан гэдэг хэрэгт унаснаас гадна түүнд улсын чухал бичиг баримтыг задруулснаас буруутаад байгаа билээ.

Энэ дуулиант хэрэгт холбогдож “Samsung”-ийн өв залгамжлагч шоронд хоригдоод байгаа бол “Lotte” группийн эзэн ч бас шоронгийн хаалга татаж магадгүй байна. Тус группийн захирал Шин Дун Бин Пак Гын Хэгийн найз Чой Сүн Шилийн удирддаг “K-Sports” хэмээх санд долоон тэрбум вон “хандивлах” замаар татваргүй барааны худалдаа эрхлэх зөвшөөрөл авсан гэж прокурорууд сэжиглэж байгаа аж. Пак Гын Хэгийн хүч нөлөөгөөр түүний найз Чой нийтдээ 77,4 тэрбум вонтой тэнцэх хэмжээний “хандив”-ын томоохон корпорацуудаас авсан гэж сэжиглэгдэж байгаа юм.

Б.Номун

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.