АТГ-ын ээлжит хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хурлын үеэр тус газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү дөрөвдүгээр сард хийж хэрэгжүүлсэн ажлын танилцуулав.
Тухайлбал, ХХААХҮЯ-ны ЖДҮХС-гаас ирүүлсэн “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг хянаж, тодорхой санал хүргүүлжээ. Тэдний хэлснээр журмын төсөлтэй танилцах явцад авлига, ашиг сонирхлын зөрчил гарах, хүнд суртал, чирэгдэл учруулсан нөхцөл байдал үүсэж болзошгүй гэж үзжээ. Үүнд, сонгон шалгаруулах арга зүй, хэрхэн шийдвэр гаргах нь тодорхойгүй, шаардлагагүй бичиг баримтыг заавал бүрдүүлэхээр тусгасан нь хүнд суртал, чирэгдэл үүсгэхээр байгааг журмын төслөөс илрүүлж, эдгээр зохицуулалтуудыг залруулах шаардлагатай гэсэн байна.
Түүнчлэн ЖДҮХС-гийн албан хаагчдын ёс зүйн дүрмийн төслийг судлан үзээд Төрийн албаны тухай хууль, Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “Төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийг зөрчсөн зохицуулалт тусгагдсан байх тул хууль тогтоомжид нийцүүлэн дахин боловсруулахаар буцаасан тухайгаа танилцуулав.
Тэрбээр үргэлжлүүлэн “Авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй нэг шалтгаан, нөхцөл нь төрийн албан дахь хууль бус томилгоо, мэргэжлийн бус шаардлага хангахгүй хүмүүсийг танил тал, ашиг сонирхлын үүднээс томилдог, мэргэжлийн албан хаагчдыг хууль бусаар халж, чөлөөлдөг асуудал юм. Төрийн албаны тухай хууль шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор хуулийн хэрэгжилтийг хангах, ажлын байрны тодорхойлолтыг нэгдсэн журмаар баталж мөрдүүлэх, хууль бус томилгоо, өөрчлөлт хийдэг албан тушаалтнуудын үйл ажиллагааг таслан зогсоох, мэдээлэл солилцооны хурдыг нэмэгдүүлэх, мэдээллийн нэгдсэн сан үүсгэх, хяналт шалгалтын ажлын үр дүнг сайжруулах талаар энэ сарын 22-ндТөрийн албаны зөвлөл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох яамдын төлөөлөл болон АТГ-ын удирдлагууд ажил хэргийн уулзалт хийж, хамтын ажиллагааны чиглэл, хүрээг өргөжүүлэх талаар зарчмын тохиролцоонд хүрсэн” гэв.
Тэгвэл энэ сард тус газраас хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 444 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 13-ыг нь прокурорт шилжүүлжээ.
Эдгээрт “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан Б, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Хангамж, үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан Г нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бусдад давуу байдал бий болгон их хэмжээний хээл хахууль авсан хэрэг багтжээ. Мөн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын тендер сонгон шалгаруулах үнэлгээний хорооны эрх бүхий албан тушаалтнууд нь албан үүрэг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж техникийн шаардлага, тендерийн тодорхойлолтын шаардлагыг хангаагүй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх тухай гэрээг байгуулж бусдад давуу байдал бий болгосон хэргүүдийг харьяалах прокурорын байгууллагад шилжүүлжээ.
Эдгээр мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Кёкүшюзан Д.Батбаярыг танайхаас шалгаж байгаа юу?
– Д.Батбаяр залилан мэхлэх гэдэг шинж тэмдэг илэрсэн тул цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Д.Батбаярын тухай хэрэг анх АТГ-д ирэхдээ албан тушаалтнууд оролцсон гэдэг гомдол ирсэн. Тэгээд шалгахад албан тушаалтнууд холбогдоогүй тул цагдаагийн байгууллагад шилжсэн.
– “Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой хэрэг ямар шатандаа байна вэ?
-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай холбоотой асуудалд мөрдөн шалгах ажиллагаа явж байгаа. Тухайн цаг үед мэдээлнэ. “Жаст”-ын хэрэг бол хянан шалгах шатандаа явж байгаа.
– Дубайн гэрээтэй холбоотой ямар нэгэн хэргүүд байгаа юу. С.Баярцогтыг хорьсон гэсэн үнэн үү?
– Дубай болон Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргүүдийг мөрдөн шалгаж байгаа. Энэ ажиллагаа нь их цаг хугацаа шаарддаг. Гэтэл иргэд маш их хүлээлттэй байгаа болохоор удааширч байгаа юм шиг харагдаж байж магадгүй. Мөрдөн шалгах ажиллагаа хууль, журмынхаа дагуу үргэлжилж байгаа.
-Шүүгчидтэй холбоотой хэргийн талаар тодруулахгүй юу?
-Шүүгч нартай холбоотой асуудалд шалгалт үргэлжилж байгаа.
-“Улаанбаатар төмөр зам”-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой хэрэг юу болсон бэ. Хоёр жил гаруй хугацаанд шалгалаа. Хөөн хэлэлцэх хугацаа бий юу?
-Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Мөн энэ хэргийн талаар өмнө нь маш олон удаа дэлгэрэнгүй мэдээлсэн.
– Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Мөнхжаргал хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн эзэмшлийн компаниа мэдүүлээгүй байсан. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ?
– Д.Мөнхжаргалын ХОМ-той холбоотой ийм хэрэг байхгүй.