Парис хотын нэрийн хуудас болсон алдарт Нотр Дам сүм өчигдөр орой галд шатжээ. Сүмийн дээд хэсэг тэр чигтээ шатсан бөгөөд галыг унтраахаар 400 гаруй гал сөнөөгч ажилласан байна. Сүмд засварын ажил хийгдэж байсан бөгөөд ажил тарснаас цаг гаруйн дараа дээврийн хэсгээс гал дүрэлзэж эхэлсэн ажээ.
Одоогийн байдлаар Франц улсын прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлээд байгаа аж. Ерөнхийлөгч Эммануэль Макрон төлөвлөсөн уулзалтуудаа цуцалж, Нотр Дам сүм дээр иржээ. Тэрбээр “Бидний нэг хэсэг шатчихлаа” хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдэгджээ.
Мөн Парисын Эх дагинын сүмийг сэргээн босгоход 10-12 жилийн хугацаа шаардагдана гэж үзэж байгаагаа Оросын үнэн алдартны шашны сүмийн түүх, соёлын дурсгалт зүйлсийг хариуцагч Леонид Калинин илэрхийлжээ.
Уг алдарт сүмийг 858 жилийн өмнө буюу 1161 онд барьж эхэлсэн бөгөөд архитекторын гайхалтай бүтээл, соёл, урлаг, шашны түүхэн дурсгалт газруудын нэг юм. Зөвхөн Нотр Дамыг үзэхээр жил бүр 13 сая жуулчин Парис хотыг зорьж ирдэг байна. Алдарт зохиолч Виктор Хьюгогийн “Парисын Дарь эхийн сүм” зохиолоор хүн төрөлхтний оюун санаанд хүндтэй байр эзэлсэн дэлхийн хамгийн алдартай энэхүү католик сүм ямар ч дайны үед сүйдээгүй мөртлөө энх цагт ийнхүү шатсанд францчууд төдийгүй соёлт хүн төрөлхтөн харамсаж байна.
Дашрамд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс, Ватиканы эрх баригчид, АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама зэрэг дэлхийн томоохон удирдагчид уг үйл явдалд гүнээ харамсаж буйгаа илэрхийлжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.