Дэлхий дахины эдийн засаг “цус алдаж” байна

2019-04-8 Ертөнц

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч сарын эхээр худалдааны дайны шинэ чиглэлийг эхлүүлсэн. Гэвч одоогийн байдлаар энэхүү алхам нь тийм ч өгөөжтэй биш байгаа талаар мэргэжилтнүүд байр сууриа илэрхийлж буй юм. Америкийн Засгийн газар хөгжиж буй орнуудын хөнгөлөлтийн ерөнхий системээс (хөгжиж буй орнуудын экспортын барааны гаалийн тарифын систем) Турк, Энэтхэгийг хассан юм. Турк дургүйцэж, Энэтхэг хэнэг ч үгүй байв. Магадгүй, сөргөлдөөнийг зохицуулж болох боловч ийм бодлого үргэлжлэх юм бол дэлхийн худалдаа бүхэлдээ аажмаар нуран унах болно.

Одоо яая гэх вэ

Хөгжиж буй орнуудын Хөнгөлөлтийн ерөнхий системийг (ХЕС) 1960-аад онд ядуу буурай, хөгжиж буй орнуудын эдийн засгийг дэмжих зорилготой байгуулсан юм. Хөгжсөн орнууд руу татваргүйгээр бүтээгдэхүүн оруулж, баян орнуудыг дөрөөлөн “гуравдагч ертөнцийн” орнуудыг хөгжилд хүрэхэд нь туслах зорилготой.

Дэлхийн хоёрдугаар дайны дараа Япон, ХБНГУ, дараа нь Өмнөд Солонгосыг хөгжихөд олон юман дээр хөнгөлөлтийн систем тус болсон билээ.

Хөнгөлөлтийн системийн эрх зүйн үндэс нь ГАТТ-ийн (ДХБ-ын өмнөх байгууллага) хүрээнд 1979 онд байгуулсан нэмэлт хэлэлцээрээр бий болсон юм. Гэвч АНУ бүр өмнө нь Бразил, Энэтхэг, Турк, Малайз, Индонез зэрэг арваад орныг хөнгөлөлтийн системд оруулсан байна.

ХЕС-ийн нөхцөлөөр АНУ жилд 19 тэрбум долларын бараа, үйлчилгээ импортлодог юм байна. Түүний дөрөвний нэг гаруй ($5,6 тэрбум) нь Энэтхэгт оногддог. Энэтхэг улс экспортын татварыг хэт өндөр байлгаж, чөлөөт худалдааны дүрмийг системтэйгээр зөрчиж байна гэж Америкийн төрийн албан тушаалтнууд үздэг байна. Туркийн хувьд гэвэл зүгээр л хөгжиж буй орон биш бөгөөд ямар ч хөнгөлөлт ярилгүйгээр бусадтай адилхан, нийтлэг үндэслэлээр арилжаа хийх ёстой гэж үздэг юм. Талуудын хариу харилцан адилгүй байлаа.

Вашингтоны энэ үйлдэлд хариу үзүүлэхгүй, ялихгүй юм ямааны гарзтай гэж Энэтхэгийн төлөөлөгч хэлсэн байна. Энэтхэгийн хөнгөлөлтөд хамрагддаг худалдааны хэмжээ их ч гэсэн ашиг нь 200 сая доллароос хэтэрдэггүй ажээ. Туркийн худалдааны сайд Рухсар Пекжан нөхцөл байдлын талаар харамсаж байгаагаа илэрхийлсэн байна.

Энэ үйл ажиллагаа нь тодорхой хугацааны дараа хэрэгжих учир АНУ-ын конгресс болон хоёр оронд цаг байгаа аж. Гэвч харьцангуй бага мөнгөнөөс болж АНУ-тай маргаан үүсгэхийг Дели ч, Анкара ч хүсэхгүй байгаа учир онцгой эсэргүүцэл гарахгүй юм.

Зах зээлийн шинэ хамгаалалт

Зах зээлээ хамгаалах тухай яриа нь хэрэв АНУ-ын одоогийн удирдлага, тухайлбал Трампын зөвлөх Питер Наваррогийн идэвхтэй дэмжиж байгаа “шинэ хамгаалалт”-ын бодлого байгаагүйсэн бол яригдахгүй байсан билээ.

Энэ бодлого нь Трамп ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсон эхний өдрөөс яригдсан юм. Цагаан ордны эзэн болсон тэрбээр анхны өдрөө Номхон далайн 12 орон чөлөөт худалдааны гэрээ байгуулсан Номхон Далайн Түншлэлээс гарах шийдвэр гаргасан билээ. 2016 оны сонгуулийн кампанийн үеэр энэхүү чөлөөт худалдааны гэрээг Трамп айхтар шүүмжилж байсан бөгөөд ийм байдлаар сонгуульд амласан амлалтаа биелүүлсэн аж. Бүх юм ингээд л дуусах биз гэж олон эдийн засагчид харж байсан боловч тэд нар алджээ.

Үүний дараа Америкийн засаг захиргаа Хойд Америкийн чөлөөт худалдааны хэлэлцээрт (NAFTA) дайн зарлав. Энэ хугацаанд Трамп бүх оролцогчид адил тэнцүү ашгийг хүртэх арга хэмжээ авахгүй бол (урьд нь америкийн ашиг хүртэхийн эсрэг байсан гэнэ дээ) энэ байгууллагыг орхин явна (АНУ-аас гадна Канад, Мексик ордог юм) гэж нэг бус удаа заналхийлж байлаа. Зөрчилдөөн нэг жил гаруй үргэлжилсэн бөгөөд эцэст нь Канад, Мексик хоёр буулт хийж, өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 30-нд гурван орон гэрээний шинэ хувилбарыг баталжээ.

Дэлхийн худалдаан дах хамгийн маргаантай асуудал нь Хятад, АНУ-ын хоорондох худал­дааны дайн хэвээрээ л байна. Есдүгээр сард Трампын захиргаа 250 тэрбум ам.долларын хятадын бараанд татвар ногдуулжээ. Хариуд нь хятадууд 110 тэрбум ам.долларын үнэ бүхий Америкийн бараанд тариф тогтоож өгсөн байна. Харин өнгөрөгч арванхоёрдугаар сард хоёр тал гуравдугаар сарын 1-н хүртэл түр эвлэрэх тухай тохирчээ. Түүнээс хойш хэцүү хүнд хэлэлцээр үргэлжилж байгаа бөгөөд үр дүнг тодорхой хэлэх аргагүй юм. Ямар ч гэсэн урьдын байдалдаа эргэж очихгүй нь тодорхой.

Бүх нийтийн дангааршил

Дэлхийн худалдаанд улам бүр тулгарч буй бэрхшээлүүдийг өвөрмөц зантай Трампт юм уу, Европ болон бусад тивд дэлгэрч байгаа популист хөдөлгөөнд тохох нь буруу юм. Үнэн хэрэгтээ даяаршлалын асуудал нь Трампыг сонгогдохоос өмнө ч байсан, Трампыг буугаад явахад байж л байна. Трампын улс төрийн залгамжлагч нь яг иймэрхүү ижилхэн зүйлийг хийх болно, тэгэхдээ чанга хашгирч хийхгүй л бол уу.

Голландын эдийн засагч Питер ван Бергейкийн үзэж байгаагаар бол дангааршилах үйл явц нь Трамп маягийн популист улс төрчдийн санаачилсан зүйл биш, харин далд байсан өвчний илрэл юм. Бергейк өнөөгийн байдлыг 1930-аад оны үетэй харьцуулсан байна. 80 жилийн тэртээ дэлхийн худалдаа удааширсан нь дэлхий дахины эдийн засгийн хямралын дохио болж байсан билээ.

Статистик тоо баримт нь энэ бүхний үнэн зөвийг харуулж байна. 20-р зууны төгсгөлд дэлхийн худалдааны өсөлт нь дэлхийн эдийн засгийн өсөлттэй нягт холбоотой байв. 1986-2000 оны хооронд ДНБ-ний нэг хувиар өсөхөд олон улсын худалдааны өсөлт 2.2 хувиар өсч байлаа. Дараагийн 13 жил энэ үзүүлэлт 1,3 хувь болтол буурчээ. Гэсэн ч 2000 оны үед худалдаа жилд 7–8 хувь өссөн бөгөөд энэ үед “шинэ хэмжээ” үүсчээ.

Хөлөг онгоц үйлдвэрлэх статистикийг харахад бүр ч ойлгомжтой болно. 2008 оны хямралын өмнө жилд 1300 чингэлэг тээдэг хөлөг онгоц хийж байсан юм. 2011 он гэхэд энэ үзүүлэлт 500 онгоц болтлоо унажээ. Одоо дөнгөж 200 хүрэхгүй байна. Усан түрц нь энэ хэмжээгээр багасчээ. Далайн тээврээр олон улсын худалдааны 50 гаруй хувь хийгддэг тул бусад тээврээр нөхнө гэсэн ойлголт байхгүй юм.

Сүүлийн 2-3 жил дотор бий болсон эдийн засгийн өсөлтийн дэвсгэр дээр худалдааны бууралт явагдаж байна. Гэвч одоогийн эдийн засгийн түр зуурын өсөлт нь шинэ хямралын үед дэлбэрэн гарах дэлхийн худалдааны бодит асуудлуудыг далдалж байгаа юм. Хямрал ойрхон байна. Өнгөрсөн оны сүүлчээр ДХБ-ын ахлах эдийн засагч Роберт Коопман дэлхий даяар тулгарч байгаа эдийн засгийн хүндрэл, худалдааны дайн, бусад олон асуудлыг хамруулан “Дэлхий нийтийн худалдаа олсон шархаа даахгүй, үхэх гэж байна” гэж мэдэгджээ.

Питер ван Бергейк 1930-аад оны болон өнөө үеийн даяаршлалыг эсэргүүцэгчдийн ялгааг хэлсэн байна: 80-аад жилийн өмнө дарангуйлан захирах дэглэмтэй улсууд даяаршлалыг эсэргүүцэж байсан бол одоо ардчилсан улсууд байгаа юм. Хэрэв популистууд эдийн засаг сайхан үед чөлөөт худалдаанд саад тавьж чадах юм бол ээлжит эдийн засгийн хямралын үед юу болох нь ойлгомжтой юм.

Ийм учраас даяаршлыг дэмжигчид амьдралын түвшинг дээшлүүлж, өндөр хөгжилтэй болон хөгжиж байгаа орнууд дахь дунд ангийг дахиж сэргээх гарц олох нэн шаардлагатай байна. Эсвэл олон улсын худалдаа, хамтын ажиллагаа 80 жилийн тэртээ хаягдаж, бүх зүйл шинээр эхлэх болно.

Дмитрий Мигунов

Орчуулсан Д.Баярцэнгэл

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.