П.Ганбаатар: Монгол пальто гэхээр хүмүүс үнэмшдэггүй…

2019-03-28 Made in Mongolia

 “Монголд үйлдвэрлэв” булангийн энэ удаагийн дугаарт монгол хүний биеийн онцлог, цаг уурт тохирсон пальто, ажлын хувцас үйлдвэрлэж байгаа “Welldress” ХХК-ийн “W.L.S” брэндийг онцолж тус компанийн захирал П.Ганбаатартай ярилцлаа.

– Монголд оёсон пальто байдаг. Гэхдээ зах зээл дээр голдуу ноолууран пальто байх шиг байна. Яг танайх шиг өнгө загвартай, бас ийм цэвэрхэн оёдолтойг анх удаа харлаа. Ер нь яагаад пальто оёх болсон юм бэ. Бизнесээ хэрхэн эхлүүлж байсан талаараа ярьж өгнө үү?

– Баярлалаа. Ээж маань насаараа цэргийн оёдлын үйлдвэрт генерал хувцас хийсэн хүн байдаг юм. Сансрын нисгэгч Ж.Гүррагчаа, В.А.Жанибеков нарыг сансарт нисэхэд тэдний хувцсыг оёж байсан хүн юм. Пальтог цэрэг шинельнээс гаралтай гэж үздэг учраас их сүрлэг, сайхан хувцас. Хүний биед эвтэйхэн, тааламжтай хирнээ цэгцтэй жавхаалаг харагдуулдаг хэрэгцээтэй хувцас гэж бодсон учраас энэ бизнесийг барьж авсан юм. Эхэндээ пальтог гаднаас оруулж ирж зардаг байлаа. Туркээс пальто оруулж ирдэг байсан. Яваандаа туркууд материалаа Хятадад захиалж хийлгэдэгийг мэдээд материалын үйлдвэрийг нь судалсан. Ингээд эх орондоо үйлдвэр хөгжүүлэх хэрэгтэй, үйлдвэртэй болж байж улс хөгжинө гэж бодсон учраас 10 гаруй жилийн өмнөөс бизнесээ эхлүүлсэн. Эхэндээ томоохон дэлгүүрүүдээр лангуу түрээсэлж зардаг байлаа. Хүмүүс гаднаас оруулж ирсэн гэж боддог, тэгээд Монгол гэж хэлэхээр их гайхдаг, эсвэл худлаа захиалж хийлгэчихээд хаяг, шошго оёчихож гэж хэлдэг байсан. Ерөнхийдөө бол импортын бүтээгдэхүүнтэй өрсөлдөж байгаа учраас бэрхшээл их гарна. Харин сүүлийн үед хөдөө орон нутагт үзэсгэлэн худалдаанд оролцох гэх мэтээр худалдан авагчдынхаа хүрээг тэлж байна. Хөдөөний хүмүүс ч пальтонд дуртай юм. Ер нь пальто өмссөн хүн цаанаа л жавхаалаг харагддаг л даа.

– Жилд хэдэн ширхэг пальто үйлдвэрлэж байна вэ, үйлдвэрлэлийн хүчин чадал мөн боловсон хүчний асуудлыг яаж шийдсэн бэ?

– Өнөөдөр манайд үндсэн 10 ажилтан байна. Өдөртөө 3-10 жилдээ 5-6 мянган ширхэг пальто зах зээлд гаргадаг. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал энэ хэмжээгээ ч нэмэх боломжтой. Гэхдээ пальто улирлын чанартай борлуулагддаг учраас жилийн дөрвөн улиралд ажилтай байх үүднээс саяхнаас ажлын хувцас оёж эхэлсэн. Манай бүтээгдэхүүний онцлог нь монгол хүний биед тохирсон байх явдал учраас энэ тал дээр бид арав гаруй жил судалгаа хийгээд өөрсдийн загвараа гаргадаг болсон. Классик загварууд ч гарч байна.

– Монгол хүний биеийн онцлогт тохирсон гэхээр яг ямар байна гэсэн үг вэ?

– Монгол хүний бие европ хүнийхээс өөр, ази хүнийхээс ч өөр, бас цаг агаар хүйтэн сэрүүн эрс тэс. Тийм болохоор дулаахан, оёдол сайтай байх ёстой. Бас дээр нь материалын болон үйлдвэрлэлийн чанар маш чухал. Ээж маань улсын чанарын аварга болохоор бид ч бас чанарыг гол зорилгоо болгодог. Загварт бас анхаардаг. Манай дизайнер Урлах эрдэм дээд сургуулийг улаан дипломтой төгссөн, чадварлаг дизайнер бий. Мөн монголчуудад үнэ их чухал. Одоо импортын пальто голдуу Турк, Хятадаас орж ирж байна, дундаж үнэ 350-600 мянган төгрөг. Харин бид нар тэдэнтэй ижилхэн материалаар эх орондоо үйлдвэрлэж байгаа болохоор арай хямд буюу 200-250 мянган төгрөгөөр борлуулж байна.

– Та бүхний ирээдүйн зорилго, төлөвлөгөө юу вэ?

– Ямар ч байсан эх орондоо импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Зах зээлийн тодорхой хувийг хангана гэсэн зорилготой. Гэхдээ хүмүүст хүрэх тал дээр үр дүн тийм ч сайн биш л байна. Алсдаа хөрш орнууд тухайлбал ОХУ гэсэн том зах зээл рүү гарах, захиалгаар үйлдвэрлэх, экспортлох зорилго тавьсан. Энэ ч үүднээсээ компанийнхаа таван ажилтанг МҮХАҮТ-ын дэргэдэх Гадаад худалдааны академид сургаж байна. Би өөрөө ч сурч байна.

– Хүмүүст хүрч чадахгүй байгаа шалтгаан нь юу юм бол?

– Манай зах зээлийн ихэнхийг импортын бүтээгдэхүүн эзэлчихээд байна. Бас хүмүүс пальто гэхээсээ илүү хөнгөн, чөлөөтэй гэдэг утгаар нь куртик их өмсөж байна. Гэтэл куртик өмсөхөөрөө хүн биеэ сул тавьчихдаг магадгүй тэрнээс болж таргалалт нэмэгдсэн байх гэж би боддог. Гэтэл пальто өмссөн хүн бол өөр, үгүйдээ гэдсээ чангалаад мөрөө цэхэлдэг. Пальтоны энэ мэт давуу талуудыг мэдчихвэл хүмүүсийн хандлага өөрчлөгдөх байх гэж бодож байна.

– Та түрүүн байнга ажилтай байхын тулд ажлын хувцас оёх болсон гэж ярьсан. Яг ямар төрлийн хувцас оёж байгаа вэ?

– Бүх төрлийн л хувцас оёж туршиж байна. Саяхнаас манайх удахгүй Монголд орж ирэх олон улсын томоохон компанийн ажилчдын хувцасыг хийх захиалга авсан. Малгай, цамц, футболк оёж байна. Нэг онцлог нь манайх поло футболк оёж байгаа. Одоохондоо үүнийг оёж байгаа үйлдвэр манай улсад өөр байхгүй.

Мөн саравчтай малгайг манайхан голдуу импортоор авч байсан. Бид өөрсдөө хийхээр оролдож үзсэн. Болж байна лээ. Ер нь л импортыг орлох боломжтой юм хийнэ гэсэн зорилготой. Улсдаа жижиг үйлдвэрийг хөгжүүлэх, дэмжүүлэх тал дээр идэвхитэй ажиллах юм сан гэж бодож зүтгэж байна.

– Танд баярлалаа. Амжилт хүсье.

Ярилцсан Х.Солонго

Өнөөдрийн онч үг

12 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.