Б.Билгүүн: Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээг олон нийтэд хүргэх, нээлттэй ил тод байлгах бүхий л бололцоог ашиглаж байна

2019-03-26 Мэдээ, мэдээлэл

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 182, 183, 2019 оны 15 дугаар тушаалаар зарласан сонгон шалгаруулалтын явцын талаар мэргэшлийн хорооны ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Билгүүнээс тодруулга авлаа.


-“Шүүгчийн сонгон шалгаруулалт” 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр эхэлж, 03 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжлэх талаар өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл сонгон шалгаруулалт одоо ямар шатандаа явж байна вэ?

-Шүүгчийн сонгон шалгаруулалтын ажиллагаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”, ШЕЗ-ийн 2018 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Шүүгчийн сонгон шалгаруулалтын арга хэлбэр, үнэлэх аргачлал” болон холбогдох хуулийн дагуу явагдаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2018 оны 182, 183, 2019 оны 15 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалт энэ оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс нэр дэвшигчдийн намтар судлах шалгалтаар эхэлсэн. Нэр дэвшигчдийн суурь шалгалтын үнэлгээ энэ оны 03 дугаар сарын 13-ний өдөр гарч тус шалгалтад 60 буюу түүнээс дээш оноо авсан нэр дэвшигчид тусгай шалгалтад оролцож байна. Өнөөдрийн байдлаар (2019.03.21) нэр дэвшигчид тусгай шалгалтын 4 төрлөөс Салбар эрх зүйн мэдлэг сорил, Хууль хэрэглэх мэдлэг, ур чадвар, Эрх зүйн баримт бичгийн төсөл боловсруулах 3 төрлийн шалгалтыг өгч дуусаад байна. Шалгалтын хуваарь ёсоор 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр тусгай шалгалт өгч буй нийт нэр дэвшигчид “Үндсэн хуулийн мэдлэг сорил”-ын шалгалт өгч, Мэргэшлийн хорооны нэгдсэн үнэлгээ гарснаар энэ удаагийн сонгон шалгаруулалтын ажиллагаа дуусах юм.

-Зарим цахим сайтаар www.shuugch-songon.mn цахим хаяг хаалттай байна гэх мэдээлэл гарсан байна. Сонгон шалгаруулалтыг хэрхэн нээлттэй, ил тод байдлаар зохион байгуулж байгаа вэ?

-Сонгон шалгаруулалтын шалгалтыг бид цахим хэлбэрээр авч байгаа. Цахим систем хэдий хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх, субьектив нөлөөллөөс ангид байх нөхцөлийг бүрдүүлэх боловч нөгөөтэйгүүр системийн аюулгүй байдлыг хангах, гадны аливаа халдлагаас хамгаалах нь хамгийн том ажлын нэг. Бид сонгон шалгаруулалтын явцад гадны халдлагаас сэрэмжлэх, системийн аюулгүй байдлыг хангах зорилгоор www.shuugch-songon.mn цахим хаягийн гадна хандалтыг хаадаг юм. Зөвхөн шалгалт авч буй танхим болон Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээ гаргах хурлын танхимд нээлттэй байдаг.

“Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын 1.8-д “Сонгон шалгаруулах ажлыг нээлттэй, ил тод байх, шударга ёсыг эрхэмлэх, хууль дээдлэх зарчмыг баримтлан хэрэгжүүлнэ” гэж заасны дагуу тус сонгон шалгаруулалтын явцын талаар өөрийн цахим хуудас болон хамтран ажилладаг цахим хуудас, сонин, телевизээр дамжуулан сонгон шалгаруулалт эхэлсэн өдрөөс өнөөг хүртэл тогтмол мэдээлж байна. Мөн Шүүхийн Мэргэшлийн хорооны үнэлгээ гарсан даруйд нэр дэвшигчдэд танилцуулж, нэгдсэн үнэлгээг өөрийн цахим хуудсанд байршуулж, олон нийтэд мэдээлж байгаагаас гадна шалгалт өгч буй танхимын гадна шалгалтыг хөндлөнгөөс ажиглах боломж бүхий дэлгэцийг байршуулсан байгаа. Бид хууль, журамд заасан хүрээнд нэр дэвшигчдийн үнэлгээг нэр дэвшигч тус бүрд тухайлан танилцуулах, шүүгчийг сонгон шалгаруулах шалгалтын явцын талаар болон Шүүхийн мэргэшлийн хорооны үнэлгээг олон нийтэд хүргэх, нээлттэй ил тод байлгах бүхий л боломж бололцоо, арга хэрэгслийг ашиглан зохион байгуулж байна.

-Нэр дэвшигчид өөрийн үнэлгээтэй холбоотойгоор өргөдөл, гомдол гаргаж байна уу. Ийм боломж бий юу?

-Шүүхийн мэргэшлийн хорооны дүрэмд заасны дагуу нэр дэвшигч хорооны үнэлгээ, дүгнэлтийг зөвшөөрөөгүй бол тухайн өдөрт багтаан гомдлоо бичгээр гаргаж өгөх боломжтой. Үүний дагуу Шүүхийн мэргэшлийн хороонд үнэлгээтэй холбоотой нэр дэвшигчдээс нийт 4 гомдол ирсэн байна. Шүүхийн мэргэшлийн хороо нэр дэвшигчийн гаргасан гомдлыг хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэдэг дүрэмтэй. Тус хуралдааны шийдвэр нь эцсийн шийдвэр байхаар “Шүүхийн мэргэшлийн хорооны дүрэм”-д тусгасан.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.