Дэлхийн газрын тосны зах зээлийг зохицуулж байгаа үндсэн олон улсын байгууллагууд
Дэлхийн газрын тосны зах зээл дэх хамгийн алдартай, нөлөө бүхий байгууллагуудын нэг бол Газрын тосны экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) бөгөөд 1960 онд болсон Багдадын бага хурлын үеэр байгуулагдсан юм. Эхлээд таван орон, тухайлбал Иран, Ирак, Саудын Арав, Венесуэл, Кувейт байсан боловч аажимдаа Индонез, Ливи, Ангол, Нигери, Алжир, АНЭУ, Габон, Конго, Экваторын Гвинея, Эквадор нэгдсэн байна. 2019 оны нэгдүгээр сард Катар гарчээ.
Гишүүн орнуудаас гадна ажиглагч орнууд бас байдаг. Үүнд: ОХУ, Мексик, Египет, Оман. ОПЕК-ийн орнууд дэлхийн газрын тос олборлолтын 40 хувийг хянадаг байна.
Энэ байгууллагын зорилго нь гишүүдийнхээ газрын тосны бодлогыг зохицуулах, нэгдмэл стандартыг бий болгох, байгууллагын гишүүдийн ашиг сонирхолыг нэгдмэл, нэг бүрчлэн хамгаалах хамгийн үр дүнтэй арга замыг хайх, ОПЕК-ийн орнуудын газрын тосны орлогын тогтвортой байдлыг хангах, хэрэглэгч улс орнуудад ашигтай, өртөг багатай газрын тосны нийлүүлэлт, газрын тосны салбарын хөрөнгө оруулалтыг дэмжих, байгаль орчныг хамгаалах, дэлхийн газрын тосны зах зээлийг тогтворжуулахын тулд ОПЕК-ийн бус орнуудтай үр дүнтэй хамтран ажиллах явдлыг зохион байгуулах юм.
Түүнээс гадна Арабын газрын тосны экспортлогч улс орнуудын байгууллага (ОАПЕК) гэж бий. Эдийн засаг нь газрын тосны экспортоос олсон орлогоос ихээхэн хамаардаг улсууд энэ байгууллагын гишүүд юм. Байгууллагын гол зорилго нь дэлхийн газрын тосны үнийг хянах явдал аж. ОАПЕК нь байнгын олон улсын байгууллага бөгөөд Алжир, Бахрейн, Египет, Ирак, Кувейт, Ливи, Катар, Саудын Арав, Сири, Тунис, АНЭУ зэрэг 11 улс гишүүн нь юм.
Газрын тос олборлодог болон хэрэглэдэг хамгийн том улсууд
Хамгийн их олборлодог улс гэвэл Саудын Араб бөгөөд жилд 542 сая тонн түүхий газрын тос буюу дэлхийд олборлодог газрын тосны 13,1 хувийг гарган авдаг байна.
Цааш нь нэрлэвэл:
2. ОХУ – 12,9 хувь
3. АНУ – 10,8 хувь
4. Хятад – 5 хувь
5. Канад – 4,7 хувь
6. Иран – 4,0 хувь
Хэрэглээний хувьд АНУ тэргүүлдэг бөгөөд жилд 831 сая тонн (дэлхийн хэрэглээний 19,9 хувь) газрын тос хэрэглэдэг байна. Хоёрдугаар байранд Хятад орно (12,1хувь). Хамгийн их олборлодог Саудын Араб гэхэд газрын тосны хэрэглээний 3,2 хувь, Орос 3,7 хувийг хэрэглэдэг аж.
Дэлхийн газрын тос боловсруулах томоохон төвүүд
Газрын тос боловсруулалтаас дэлхийд тэргүүлж яваа улс бол АНУ юм. Энэ улсад хамгийн сүүлийн үеийн техник, технологи ашиглаж байна. Харьцуулсан тоо хэлье. АНУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдийн төвөгтэй коэффициент (газрын тос боловсруулах үйлдвэрийн үр ашгийг үнэлэх коэффициент) нь 71 хувьтай байхад баруун Европынх 40 орчим, Ази, Номхон далайн орнуудынх 27 хувь байх юм.
Хөнгөн газрын тосны бүтээгдэхүүний зах зээл АНУ-ын нөлөөнд байдаг бөгөөд хөнгөн газрын тосыг хамгийн боломжтой аргаар шахаж, мазут маш багатайгаар бүтээгдэхүүн гарган авч байна.
Үнэн хэрэгтээ америкийн газрын тос боловсруулах компаниуд нэг тонн түүхий газрын тосноос 450-500 литр бензин гарган авч байгаа юм. АНУ-д юуны өмнө хөнгөн газрын тосны бүтээгдэхүүний, тухайлбал дизель түлш, бензиний хэрэгцээ өсөж байна. Эдгээр бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангахын тулд шинээр газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, одоо байгаа үйлдвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа билээ. Үүний зэрэгцээ АНУ-д биодизель, этилийн спирт гэх мэт түлшний өөр төрлийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээг идэвхтэй санхүүжүүлж байна.
2007 оны арванхоёрдугаар сард АНУ-ын “Эрчим хүчний аюулгүй байдал ба Нэгдсэн Улсын тусгаар тогтнолын тухай хууль” батлагдсан бөгөөд энэ хуулиар 2030 он гэхэд этанолын үйлдвэрлэлийг 18.7 сая тонноос (2007 оны мэдээлэл) 108 сая тонн хүртэл өсгөх төлөвлөгөөтэй байна. Нийт этанолын үйлдвэрлэлийн 50 гаруй хувийг тариа (гол төлөв эрдэнэ шиш), үлдсэн хэсгийг мод боловсруулах үйлдвэрлэлийн хаягдлаас гарган авах юм.
ЕХ-д хөнгөн газрын тосны гарцыг нэмэгдүүлэх зарим нөөц бий. Үүнтэй холбогдуулан Европын газрын тос боловсруулах үйлдвэрүүд дээр хоёрдогч цэвэршүүлэх процессыг нэмэгдүүлэх үйл ажиллагаа хийгдэж байгаа юм. ЕХ-ны орнууд АНУ-ыг бодвол бензин, дизелийн түлшний чанарт өндөр шаардлага тавьдаг. Жишээлбэл, 2011 оноос хойш эдгээр орнууд хүхрийн агууламжтай түлш үйлдвэрлэхээ больсон. Бензинд олефин, үнэртүүлэгч бодисын эзлэх хувийг багасгахын тулд идэвхтэй ажил хийгдэж байгаа аж.
Хойд Америкийн Эдийн засгийн хамтын ажиллагаа ба хөгжлийн байгууллагын гишүүн орнууд боловсруулсан газрын тосны хэмжээг 2030 он гэхэд 1 тэрбум 50 сая тоннд хүргэхээр төлөвлөж байна. 2020 он гэхэд боловсруулах тосны хэмжээ жилд 80 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгаа бөгөөд хоёр аргаар хэрэгжүүлэх юм: одоо байгаа үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, түүнчлэн шинээр үйлдвэр барих.
Ойрхи Дорнодын орнууд жилд дунджаар 165 сая тонн тос боловсруулдаг байсныг 255 сая тоннд хүргэхээр ажиллаж байна. Зөвхөн Саудын Аравд гэхэд 48,75 сая тонн тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэрийг барьж байгаа бөгөөд Эль-Жубайль хотод бараг хагасыг нь (20 сая) үйлдвэрлэнэ. Иранд 18 сая тонныг боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсон байна. Кувейт улсын Аль-Зур хотод 30.7 сая тонн хүчин чадалтай томоохон хэмжээний газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж байгаа юм.
ОХУ-д хөнгөн тосны боловсруулалтыг өсгөж, бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэхийн тулд идэвхтэй ажиллаж байна. 2005 онд улс даяар дунджаар боловсруулалт 71,6% байсан бол 2030 он гэхэд энэ үзүүлэлт 89.4 хувьд хүргэх төлөвлөгөөтэй байгаа юм.
Газрын тосны бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн бүтэц
Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлээр дэлхийн манлайлагчдын зэрэглэл дараах байдалтай байна (дэлхий дахины боловсруулсан тосны хувиар):
1. Америкийн Нэгдсэн Улс – ойролцоогоор 24%
2. Япон – 6%
3. Хятад – 5,2 %
4. Орос – 4,8 %
Дэлхий даяар жилд 3.4 тэрбум тонн газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Энэ бүтээгдэхүүний гол экспортлогчид – Голланд, Орос, АНУ, Сингапур, Саудын Арав, Кувейт, Хятад, Өмнөд Солонгос, Венесуэл. Томоохон импортлогчид – АНУ, Герман, Япон, Хятад, Сингапур, Голланд, Франц. Энэ зах зээлийн нийт тоо хэмжээ нь гэвэл жилд ойролцоогоор 700 сая тонн аж.
Экспортлогч, импортлогчдын жагсаалтаас харвал хоёуланд нь багтсан хэд хэдэн орон бий. Энэ орнууд анхан шатны боловсруулалт хийсэн газрын тос аваад, гүнзгий боловсруулалт хийгээд эргэж гаргадаг юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийн хүчин чадлаар дараах орнууд эхний байрыг эзэлж байна (түүхий тос, тонн/ хоног):
• АНУ – ойролцоогоор 2,27 сая;
• ЗХУ-д багтаж байсан орнууд – 1,15 сая;
• Япон – 660 мянга;
• Хятад – 595 мянга.
Ийм худалдааг газрын тосны бүтээгдэхүүний бирж буюу яг нарийн хэлбэл бараа-түүхий эдийн бирж хийдэг юм.
Газрын тос болон түүнээс гаргадаг бүтээгдэхүүнүүд нь эдийн засгийн айхтар хэрэгслүүдийн нэг юм. Газрын тос, түүний бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахын тулд тусгай индекс хэрэглэдэг.
Газрын тос, түүний бүтээгдэхүүний үнийн эрсдэлийг багасгахын тулд фьючерс гэрээг хэрэглэж байна.
Биржүүд дээр эталон газрын тос гэж дараах төрлийн тосыг нэрлэнэ:
• Brent – Хойд тэнгисийн газрын тос (экспортын бараг 70%-г эзэлдэг);
• WTI – баруун техасын газрын тос;
• DubaiCrude (Персын булангийн орнууд хэрэглэдэг).
ОХУ-д Санкт-Петербургын Олон улсын бараа-түүхий эдийн бирж дээр газрын тос худалдаж байна. Биржийн албан ёсны сайт spimex.com дээр өдөр болгон газрын тосны индексийн бүх утга хэвлэгддэг аж.
Дараах төрлийн газрын тосны бүтээгдэхүүнийг түүхий эдийн бирж дээр худалдаалдаг (худалдан авах, худалдах):
• Түүхий газрын тос;
• Төрөл бүрийн газрын тосны бүтээгдэхүүн;
• Газрын тосны бүтээгдэхүүний фьючерс.
Үүнээс гадна бараа- түүхий эдийн бирж дээр бусад бараа арилжаалагддаг (жишээ нь, байгалийн хий, мод). Биржийн худалдааны хэр хэмжээг үнэлэхийг хүсвэл 2014 онд биржээр 17 сая тонн газрын тос, байгалийн хийн бүтээгдэхүүн зарагдсан байна.
Дэлхийн хамгийн том газрын тосны биржүүд
Газрын тос, түүний бүтээгдэхүүний үндсэн хэсэг нь дараах гурван биржид төвлөрдөг.
• Нью-Йоркын бараа-түүхий эдийн бирж. Энэ том худалдааны газар нь 1972 онд байгуулагдсан бөгөөд одоо үед хамгийн том бараа-түүхий эдийн бирж болсон байна. Газрын тосны фьючерсийн арилжааны хувьд энэ бирж нь тэргүүлдэг аж.
• Лондонгийн олон улсын газрын тосны бирж. Өнгөрсөн зууны наяад оны үед байгуулагджээ.
• Сингапурын бирж (SGХ). Энэ бирж нь валютын ба хөрөнгийн хоёр бирж нийлснээс үүдэлтэй юм. Бирж дээрх бүх худалдаа нь зөвхөн цахимаар явагддаг байна.
Барааны бирж дээр хэлцэл фьючерс буюу хугацаатай, эсвэл бодит бараа байна. Хоёрдахь тохиолдолд худалдан авсан бараагаа биржийн агуулах дээр хүлээн авдаг байна.
Газрын тос экспортлодог орнууд:
Орнууд Өдөрт хэдэн баррель экспортлодог
Саудын Арав 7,635,000
Орос 5,010,000
Иран 2,523,000
Нэгдсэн Арабын Эмират 2,395,000
Норвег 2,184,000
Ирак 2,170,000
Кувейт 2,127,000
Нигери 2,102,000
Канад 1,929,000
АНУ 10,270,000
Хятад 5,080,000
Япон 4,394,000
Энэтхэг 3,060,000
Герман 2,671,000
Нидерланд 2,577,000
Өмнөд Солонгос 2,500,000
Франц 2,220,000
Сингапур 2,052,000
Итали 1,800,000
Бэлтгэсэн Д.Баярцэнгэл
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.