БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, ШӨХТГ, Нийслэлийн боловсролын газар, Аж үйлдвэрийн зөвлөл, JCI impact салбар байгууллага хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” үндэсний өдөрлөгийг Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын хамтарсан тушаалаар баталсан Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу жил бүрийн гуравдугаар сарын 15-ны өдрийг “Хүүхэд-хэрэглэгч” үндэсний өдөр болгон тэмдэглэж, хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдэд зориулсан бараа, үйлдвэрлэл үйлчилгээг чанаржуулах, хүүхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгчид, олон нийт буюу хүүхдийн өмнө үүрэг хүлээгч хүн бүрт зориулан зохион байгуулж байхаар болсон юм.
Энэхүү өдөрлөгт Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх илгээлт явуулж, Монгол Улсын Шадар сайд У.Энхтүвшин нээж үг хэлэв. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Хүүхэд-хэрэглэгч” үндсэн илтгэл тавьсан бол хүүхдийн сурч хүмүүжих орчин, хэрэглэгдэхүүн, хүүхдийн хоолны шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүн, мэдээллийн аюулгүй байдал, телевиз, цахим орчин дэх хүүхэд хамгаалал гэсэн сэдвээр хэлэлцүүлэг өрнөж, холбогдох албаныхан байр сууриа илэрхийллээ.
Хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд адил тэгш оролцох эрхийг хангах, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хөгжил, хамгааллын талаар баримталж буй бодлогын хэрэгжилтийг хангаж, үр дүнд хүргэх талаар идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, БСШУСЯ, ХНХЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын телевизийн холбоо, Монголын хэвлэл мэдээллийн зөвлөл гэсэн байгууллага харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав.
Санамж бичгийн хүрээнд телевиз, өргөн нэвтрүүлгийн орон зай болон цахим орчинд хүүхдийн эрүүл мэнд, хөгжил, төлөвшил, хүмүүжилд сөрөг нөлөө үзүүлэхүйц агуулга бүхий бусдыг гүтгэх, доромжлох, зохисгүй үг хэллэг хэрэглэх, жендэрийн ялгаварлан гадуурхалт, согтууруулах ундаа, шашны харгис урсгал, зан үйл, хүүхдийн эрүүл мэндэд зохисгүй хоол, хүнс сурталчилсан контент, кино, зар сурталчилгаанаас хүүхдийг хамгаалан хамтран ажиллах юм.
Энэ жилийн “Хүүхэд-хэрэглэгч” үндэсний өдөр нь нэг өдрийн ажил биш энэ сарын эхний 14 хоногийн турш аян хэлбэрээр өрнөж, сурагч багш нарт зориулсан сургалтыг БСШУСЯ-ны харьяа байгууллагууд зохион байгууллаа. Мөн Боловсролын хүрээлэнгээс боловсруулсан хөтөлбөрийн дагуу сургуулийн өмнөх, ерөнхий боловсрол, дээд боловсролын бүх байгууллагад суралцаж буй хүүхдийн нас биений онцлогт тохируулан “хэрэглэгч” болохыг ойлгуулах хичээл орсон юм.
Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эх оронч худалдан авалт”-ыг дэмжих зорилгоор Монголын Аж үйлдвэрийн зөвлөлтэй БСШУСЯ санамж бичиг байгуулав. Уг санамж бичгийн агуулга нь хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн болон хоол хүнсийг чанартай үйлдвэрлэж, нийлүүлэхэд анхааран ажиллах юм. Түүнчлэн үндэсний үйлдвэрлэгчид өөрийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар стандартыг сурталчилсан үзэсгэлэнг энэ үеэр хүүхэд багачууд, эцэг эх олон нийтэд толилуулав.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30426
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.