• Дундад улсын эдийн засгийн өсөлтийн хурд унахаас бусад улс айж байна •
Өнгөрсөн жил Хятадын эдийн засгийн өсөлт 6,6 хувь болж, 1990 оноос хойш хамгийн бага үзүүлэлттэй болсон билээ. Дэлхийн хоёр дахь эдийн засгийн хэт хурдацтай ДНБ-ний өсөлт дуусч байгааг сүүлийн жилүүдийн дүр зурагнаас илэрхий харагдаж байна. Хятадын эдийн засаг өсч, илүү их түүхий эд, материал, үйлдвэрлэлийн бараа, технологи хэрэглэдэг байсанд дассан болоод ч тэр үү, энэ нь дэлхийн эдийн засагт зайлшгүй үр дагаврыг учруулах болно гэж айж байна. Хэрэв Хятадын эдийн засгийн өсөлт зогсвол энэ нь бүх улсыг хөндөх бөгөөд зогсонги байдалд орох асуудал нь дэлхий даяар онцгой анхаарал татаж байгаа юм.
Бодитоор тооцоод үзье:
Юуны өмнө 30 жилийн хугацаанд хамгийн бага үзүүлэлт гэдэг нь тийм ч бага биш юм. Дэлхийн бүх томоохон эдийн засгаас зөвхөн Энэтхэг сүүлийн жилүүдэд хурдацтай өссөн бөгөөд түүний өсөлт нь бага түвшингээс эхэлсэн гэдгээр тайлбарлагдана. Өмнөд Азийн Энэтхэг орон маш ядуу хэвээр байна. Хөгжсөн орнуудаас эдийн засгийн байдлаараа хамгийн эрч хүчтэй нь байгаа АНУ гэхэд л арван хэдэн жилийн турш 4 хувийг давсангүй, Европын орнууд бүр ч дор байгаа юм. ОХУ-ын ДНБ өнгөрсөн оны 11 сарын байдлаар зөвхөн 1,8 хувь өссөн бөгөөд 2019 онд нөхцөл байдал дээрдэнэ гэж бодохгүй байна.
Хятадын ДНБ-ийг тоогоор тооцоолох юм бол нэмэгдэх зүйл олон бий. Өсөлт нь хоёр оронтой тоогоор хэмжигдэж байсан 2000 оны дунд үеийг бодвол 6,6 хувь юу ч биш юм. Гэвч тэр үеийн эдийн засаг өнөө үеийнхийг бодвол хамаагүй бага байж. Жишээлбэл, энэ зууны эхэн үед БНХАУ-ын эдийн засаг 12 хувь өсөж, тоонд шилжүүлэхэд 400–500 тэрбум доллар болж байлаа. Харин 2018 оны эцэс гэхэд Хятадын ДНБ дор хаяж 1,2 их наяд доллар болжээ.
Хятадын статистик явуулах аргын тухай сонирхоход тодорхой биш бөгөөд эрх баригчид ямар ч тоонд засвар хийхийг хүсээгүй байхад (засвар хийдэг байна, ялангуяа орон нутагт) газар нутгийн асар том хэмжээнээс болоод яв цав дүйдэггүй байна. Жишээлбэл 2016 он гэхэд л гурван муж хялбархан аргын тусламжтайгаар статистик тоог өөрчлөснөө хүлээжээ.
Гэвч энэ удаад хятадууд эдийн засгийн стастистик мэдээг илүү оновчтой гаргасан гэдгийг шууд бус өгөгдөлийг ашиглан дүгнэж байгаа аж. Жишээлбэл, долоон жилийн хугацаанд анх удаа цахилгаан эрчим хүчний хэрэглээ (6.8 хувь) ДНБ-ний өсөлтийг гүйцэж түрүүлсэн байна. Үүнээс гадна энэ жил эдийн засгийн өсөлтөд голлох үүргийг эрчим хүч харьцангуй бага хэрэглэдэг үйлчилгээний салбар эзэлж байгаа юм.
Эндээс үзэхэд энэ жилийн өсөлтийг бага гэж дүгнэж болохгүй юм. Гэвч хандлага нь тодорхой байна. Хятадын эдийн засаг хөгжингүй орнуудын эдийн засгийн өсөлтийн хурдтай ойртож байна. Хятадын эдийн засагт тулгарч буй эрсдэл биелэгдээгүй байсан ч ийм зүйл болохдоо болно. Одоогийн байдлаар эрсдэл хангалттай байгаа билээ.
Өсөлтөд саад болох бэрхшээл
Хамгийн анхны бөгөөд гол зүйл нь хүн ам зүй юм. Хэдийгээр “хоёр хүүхэд” гэсэн бодлогод шилжсэн ч төрөлтийн түвшин буурсаар байна. 57 жилийн хугацаанд 2018 он хамгийн муу үзүүлэлттэй байлаа. Ажиллах хүчний тоо 2009 оноос хойш хамгийн бага хэмжээнд хүртэл буурсан байна. Ирэх жилүүдэд энэ хандлага өөрчлөгдсөн ч гэсэн ойрын ирээдүйд ажиллах хүчний тоо буурах нь зайлшгүй юм.
Хятадын эдийн засгийн гайхалтай өсөлт нь 1970-аад онд эхэлсэн хүн ам тосгоноос хот руу шилжих хөдөлгөөнөөс эхтэй байдаг. Ийм шилжилт нь энэ арван жилд дуусаж байна. Ингэснээр хотын хүн ам ихсэж, харьцаа нь 60:40 болсон ба энэ тооцоонд цагаач ажилчид ороогүй юм. 2010-аад оны үеэс ажлын байрны төлөө өрсөлдөөн буурч, бүтээмж дээшлэснээр ажилчдын цалин хурдацтай өссөн билээ.
2017 онд дотоодын цагаач ажилчид сард дунджаар 3.3 мянган юань буюу 500 орчим доллар авсан байна. Энэ нь Зүүн Европын орнуудын цалинтай дөхсөн үзүүлэлт бөгөөд хөрш зэргэлдээ Зүүн Азийн хөгжиж буй орнуудын цалингаас хамаагүй илүү байгаа аж. Жишээлбэл Вьетнамд дундаж цалин 300-350 доллар байна. Хязгааргүй, хямд ажиллах хүчний эрин үе дууслаа.
Санхүүгийн асуудал улам бүр нэмэгдсээр байна. Өрийн нийт хэмжээ (улсын, компанийн, хувийн) нь ДНБ-ний 260 хувийг эзэлж байгаа бөгөөд хөгжиж буй орны хувьд дааж давагдашгүй юм. Иймэрхүү тоог АНУ, Япон зэрэг илүү хөгжингүй, найдвартай зах зээлтэй улс орнуудад харж болно. Эдгээр өрийн ихэнх нь баталгаажаагүй бөгөөд Засгийн газар бүх түвшинд оролцож, хөөс тэсрэх аюулаас сэргийлж байгаа юм. Албан ёсны мэдээгээр бол банкны найдваргүй зээлийн хэмжээ 5,8 их наяд юань хүрчээ.
Өрийн дарамт нэмэгдэхийн хэрээр төрийн дэмжлэгээр тогтож байдаг үр ашиггүй “зомби компаниуд” -ын тоог нэмэгдүүлж байна. Эрх баригчид зээл авах явдалтай хууль эрхийн түвшинд тэмцэхээс гадна мөнгөний бодлогоор тэмцэж байгаа боловч одоогоор үр дүн гараагүй байна.
Эдийн засагт саад болж байгаа өөр нэг зүйл бол эрчим хүч юм. Олон арван жилийн туршид нүүрс Хятадын эдийн засгийн гайхамшгийг тэжээж байсан бөгөөд одоо хүртэл дийлэнх эрчим хүчний станцууд нүүрсээр ажилласан хэвээрээ байгаа билээ. БНХАУ-ын Засгийн газар өнөөгийн арван жилийн эхэн үеэс эхлэн мөрдөж эхэлсэн экологийн хэм хэмжээ нь хатуу түлшнээс татгалзахыг шаардаж байгаа юм.
Нүүрсийг орлох нарны энерги нь хямд, үр дүнтэй байх болно гэхэд асар том улсын эрчим хүчний бүтцийг өөрчлөхөд олон жилийн хугацаанд олон их наяд долларын хөрөнгө оруулалт хэрэгтэй юм. 2008 онтой харьцуулахад нарны эрчим хүчний хэмжээ бараг 1000 дахин нэмэгдсэн ч гэсэн энэ нь Хятадын эрчим хүчний хэрэглээний ердөө 2-оос бага хувийг хангаж байна. Энэхүү эрчим хүчний бүтцийн өөрчлөлт нь эдийн засгийн өсөлтийн хурдыг сааруулах нь гарцаагүй юм.
Дэлхийн капитализмын аварга загас
Үүнээс гадна өнгөрсөн жил Хятадын эрх баригчдад шинэ толгойн өвчин нэмэгдсэн юм. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп үгнээсээ ажил руу шилжиж, хятадын бараанд татвар нэмсэн билээ. Хэрэв Бээжин, Вашингтон ойрын үед худалдааны талаар тохиролцоонд хүрэхгүй бол 3-р сард татвар дахиад нэмэгдэх болно. 2009 оноос хойш экспорт нь улс орны эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулаагүй ч гэсэн дахин нэмэгдэх татвараас болох худалдааны бууралт нь эдийн засагт хүнд цохилт болох юм.
АНУ-тай харилцах харьцаа муудсан нь Хятадын корпорациудад хүндрэл учруулав. ZTE-гээс тоног төхөөрөмж авахыг хориглосон, Канадад Huawei-ийн топ менежер Мэн Ваньчжоу-г баривчилсан явдлыг санахад хангалттай юм. 2020 онд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд ялагдах яах вэ гэж бодоход БНХАУ-д итгэхгүй байдал нь одоо Америк дахь бүх улс төрийн хүчинд ажиглагдаж байна. Өвөрмөц зантай Трамп шууд, илэн далангуй хэлж байгаа билээ.
Зүтгүүр үгүй галт тэрэг
Хэрвээ Хятадын эдийн засаг зогсвол дэлхийн эдийн засагт юу тохиолдох вэ? Даяаршил нь дэлхий ертөнцөд сайн ба муу аль алиныг авчирсан гэж одооноос ойлгож эхэлж байна. Сүүлийн 30 жил Хятад энэ үйл явдлын гол цөм нь байсан билээ. Дэлхийн эдийн засагт 2000 оны дунд үеэс эхлээд Хятад АНУ-аас ч илүү үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
Хятадууд их хэмжээгээр үйлдвэрлэдэг боловч хэрэглээ нь маш их юм. Тухайлбал сэргээгдэх эрчим хүч буюу занарын үйлдвэрлэлд дэвшил гарсан ч хэрэглээнээс болоод газрын тос 20 жилийн өмнөхөөс илүү үнэтэй байна. Зөвхөн сүүлийн 10 жилд газрын тосны хэрэглээ нь өдөрт 5 сая баррель болтлоо өссөн бөгөөд энэ нь дэлхий дахины үйлдвэрлэлийн бараг 5 хувийг эзэлж байгаа юм. Хятадыг орлох улс одоогоор байхгүй байна.
Энэтхэгийн эдийн засгийн амжилт нь 1990-2000 оны үед байсан БНХАУ-ын үзүүлэлтүүдээс хол байгаа юм. Хөгжиж буй бусад орнууд бүгд нийлээд ч гэсэн жил бүр хэдэн их наяд долларын өсөлтийг харуулах боломжгүй байгаа аж.
Хятадын эдийн засгийн машин зогсох тохиолдолд дэлхийн зах зээл дээрх бүх тоглогчдод хохирол учирна. Эдийн засаг зогсвол 2008 оных шиг болох юм уу, эсвэл олон жил зогсонги байдалд хүргэх юм уу, урьдчилан таамаглах боломжгүй юм. Аль ч тохиолдолд хамгийн хүнд цохилт нь түүхий эд экспортлодог орнуудыг дайрна. Австрали, ОХУ, Канад, ОПЕК-ийн орнууд нь Хятад улсын эдийн засгийн өсөлтөөс гол ашиг хүртэгсэд юм. Энэ улсууд дэлхийн эдийн засгийн зүтгүүргүй ертөнцийн талаар бодох хэрэгтэй болох байх.
Дмитрий Мигунов – Эдийн засгийн шинжээч
Эх сурвалж: https://iz.ru/837669/dmitrii-migunov/tishina-za-stenoi-pochemu-kitai-ostanovilsia-i-chto-eto-znachit-dlia-mira
Орчуулсан Д.Баярцэнгэл
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.