Уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-аар дамжуулахад хөнгөлөлт олгохоор тохиролцов

2019-02-22 Мэдээ, мэдээлэл

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Тээврийн яамны орлогч сайд В.А.Токаревыг өчигдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Монгол-Оросын хамтарсан “УБТЗ” ХНН 2018 онд 25.8 сая тонн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоосныг онцоллоо. Цаашид тус нийгэмлэгийн шинэчлэл, хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжүүлэх, тээх, нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх болон бусад тулгамдсан асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэхийн төлөө байгаагаа талууд илэрхийлэв.

Мөн “УБТЗ” ХНН-ийн Ерөнхий хорооноос 2018-2020 онд хэрэгжүүлэх тэргүүн ээлжийн арга хэмжээний төлөвлөгөөг баталсантай холбогдуулан энэхүү хөтөлбөрийг яаралтай хэрэгжүүлж эхлэх, “УБТЗ” ХНН-ийн 2030 он хүртэл шинэчлэл хөгжлийн хөтөлбөрийг ойрын үед эцэслэн батлах шаардлагатай байгааг Оросын талд хэллээ.

Зам, тээврийн хөгжлийн сайд Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийн талаар мэдээлэл өгч, ОХУ-ын Мосгипротранс судалгааны хүрээлэн төслийн судалгааг хийж дуусаж байгаа дурдав.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар Замын-Үүд-Эрээн боомтын ачааллыг багасгах, чингэлгийн тээврийн чиглэлээр түлхүү ашиглах, харин Зүүнбаян-Хангийн төмөр замаар уул уурхайн нурмаг бүтээгдэхүүнийг дөт замаар хятадын зах зээлд гаргах төлөвлөгөөтэй байгаа аж.

Монгол Улс, ОХУ-ын 2019 онд 3 том ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлнэ. Үүний нэг нь “УБТЗ” ХНН-ийн 70 жилийн түүхт ой юм. Энэхүү ойн баярыг тохиолдуулан өмнө хэлэлцсэн ажлуудаа дүгнэж, цаашид хэрэгжүүлэх ажлуудаа тодорхойлж, хамтын зөвшилцөлд хүрч, ажлуудаа яаралтай эхлүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын агаарын тээврийн “Ангара” ХХК Эрхүү-Улаанбаатар-Эрхүү чиглэлд, Монголын “Хүннү эйр” ХХК Улаанбаатар-Улаан-Үд-Манжуур чиглэлд тус тус шинээр нислэг гүйцэтгэж эхэлснийг дурдлаа.

“Шинээр баригдах төмөр замын бүтээн байгуулалтад ОХУ гар бие оролцон хамтран ажиллах сонирхолтой байгаа”

Бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээнд ОХУ-ын Новосибирск, Красноярск хотууд руу шууд нислэг үйлдэх, эдгээр хотуудаар дамжин гуравдагч улс руу нислэг үйлдэх боломжийг судалж, дэмжлэг үзүүлэхийг оросын талаас хүсэв. Мөн оросын агаарын навигацын шинэ технологийг ашиглах чиглэлд хамтран ажиллах хүсэлт тавилаа.

Талууд зам, тээврийн салбарт хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгааг талууд сайшаагаад, цаашид хамтын ажиллагааг улам хөгжүүлэх, “УБТЗ” ХНН-ийн суурь бүтцийн их засвар, хөдлөх бүрэлдэхүүний шинэчлэл болон шинээр баригдах төмөр замын бүтээн байгуулалтад ОХУ гар бие оролцон хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын ачаа, түүний дотор уул уурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжуулан гуравдагч зах зээлд гаргахад бүх талын хөнгөлөлт олгох, Монголын вагоныг ОХУ-ын төмөр замаар аялуулах талаар тохиролцлоо.

Талууд Монгол-Оросын хилийн авто замын болон төмөр замын боомтын нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх, зарим боомтыг олон улсын статустай болгох, хилийн боомтын авто зам шинээр барих чиглэлд мэдээлэл солилцож, хамтран ажиллахаар боллоо.

Уулзалтын үеэр хөндөж ярилцсан, тохиролцсон асуудлуудыг удахгүй болох Монгол-Оросын ЗГХК-ын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлүүлэхээр талууд тохиролцов гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.