УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ЖДҮХС-гийн зээл олголттой холбоотой асуудлыг шалган судалж, санал боловсруулах, дүнг нэгдсэн хуралдаанд танилцуулах чиг үүрэг бүхий “Түр хороо байгуулах тухай” тогтоолыг хэлэлцэж эхэллээ.
Уг тогтоолыг Н.Номтойбаяр, Н.Амарзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Д.Ганболд, Д.Оюунхорол, О.Содбилэг, А.Ундраа гишүүн санаачлан өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 21-нд УИХ-ын даргад өргөн мэдүүлсэн. Нийгмийн зорилтот бүлэг, тэр дундаа жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор уян хатан, хөнгөлөлттэй нөхцөлөөр олгодог ЖДҮХС-гийн зээлээс УИХ, Засгийн газрын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий компаниуд их хэмжээний зээл авсан нь нийтэд ил болсон. Тиймээс уг асуудлыг нарийвчлан шалгах, хуул зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох, нийтэд үнэн бодит мэдээлэл хүргэх зорилгоор Түр хороо байгуулах тогтоолын төсөл боловсруулснаа Н.Номтойбаяр гишүүн танилууллаа.
Тогтоолын төслийг боловсруулахдаа УИХ-ын Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих дэд хорооноос санал аваагүй гэдгийг Ж.Ганбаатар гишүүн дурьдлаа. Мөн уг тогтоолын төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлэх шаардлагатай гэдгийг дурьдсан юм.
Харин төсөл санаачлагч Н.Номтойбаяр гишүүн, “ЖДҮХС-тай холбоотой асуудал яригдаад олон сар өнгөрч байхад дэд хороо тодорхой алхам хийсэнгүй. Энэ тогтоолоор байгуулагдсан түр хороо санхүүгийн шалгалт хийх тул зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцүүлсэн” гэсэн тайлбар өглөө.
Мөн үеэр Ж.Батзандан гишүүн тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд Түр хороонд ашиг сонирхлын зөрчилгүй гишүүн томилох хэрэгтэй хэмээв.
Ийнхүү 13.00 цаг болсон тул тогтоолын төслийг үдээс хойш буюу 15.00 цагаас үргэлжлүүлэн хэлэлцэхээр шийдвэрлэв.
Өчигдөр
2024-11-21
2024-11-21
87366
30405
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.