Өнгөрсөн оны 11 дүгээр сарын дунд үеэс Франц улс даяар өрнөж эхэлсэн “Шар хантаазтнууд”-ын жагсаалын улмаас 1000 гаруй хүнд ял ногдуулсан гэж тус улсын Ерөнхий сайд Эдуард Филипп мэдээлэв.
Үүний зэрэгцээ жагсаал цуглаан өрнөж эхэлснээс хойш 5600 орчим хүнийг баривчлан саатуулсан гэж Э.Филипп телевизийн “TF1” сувагт мэдээлжээ.
Энэ долоо хоногийн бямба гарагт эмх замбараагүй байдал дахин дэгдэхээс сэргийлэхийн тулд улс даяар цагдаагийн 80 мянга гаруй албан хаагчийг тараан байршуулна гэж Ерөнхий сайд нэмж хэлсэн байна.
Засгийн газар шатахууны татварыг нэмэгдүүлэхээр төлөвлөж буйг эсэргүүцэгчид Францын хуулиар автомашин болгонд авч явахыг шаарддаг цацруулагчтай шар хантаазыг өмсөн жагсаж эхэлсэнтэй холбогдуулан тэднийг “Шар хантаазтнууд” гэж нэрлэсэн юм. Харин Засгийн газрын бодлогыг эсэргүүцэгчдийн тоо улам нэмэгдсэнээр уг хөдөлгөөн өргөжин тэлж эхэлжээ.
Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон 12 дугаар сарын эхээр шатахууны татварын нэмэгдлийг цуцалж, нийгэм, эдийн засгийн хямралыг зохицуулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх талаар олон нийтэд танилцуулсан хэдий ч жагсаал цуглаан өрнөсөөр байгаа юм.
Жагсагчид болон цагдаагийн ажилтнуудын хооронд олон тооны мөргөлдөөн үүссэн нь олон хүн баривчлагдах хийгээд гэмтэж бэртэх гол шалтгаан болжээ.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.