Хүүхэд бие бялдар, оюун ухааны төлөвшлийнхөө хувьд насанд хүрэгчдээс ялгаатай тул түүнд “төрөхөөс өмнө болон төрсний дараа онцгой халамж хамгаалал, түүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардлагатай” гэж Хүүхдийн эрхийн конвенцид дурджээ. Иймээс хамгаалуулах эрх нь хүүхдийн эрхийн нэгэн онцлог юм. Энэхүү эрх нь хүүхдийг хэн нэгний үл хайхрал, хүчирхийлэл, дарамт, мөлжлөгт өртөхөөс урьдчилан сэргийлэх, өртсөн тохиолдолд нэн даруй таслан зогсоож хамгаалалтдаа авах, нөхөн сэргээх асуудалтай холбоотой.
Хүүхдийнхээ бие махбод болон сэтгэлзүйн хэрэгцээг нь, тэр дундаа хайрлуулах, тэврүүлэх, ойр дотно байх хэрэгцээг нь орхигдуулж, анхаарал халамжаар дутаан ганцаардуулж, хүсэл сонирхлыг нь дарангуйлж, үл тоож, үл хүндэтгэж, айлгаж цочроож, хүч хэрэглэж, биед нь халдаж, эрхэмсэг байдлыг нь гутааж зүй бус харьцсаар ирсний эцэст яагаад хичээлээ ойлгодоггүй, сэтгэн бодохдоо удаан, өвчлөмтгий, залхуу ноомой, идэвх санаачлагагүй болсныг нь гайхаад сууж байдаг эцэг эхчүүдийн тухай та сонссон ч байж магад. Үүнд гадны нөлөө, аюул эрсдлийг тооцохгүй байх. Тухайлбал багш, хамаатан садан гэх мэт бусад ойр байдаг байнгын харилцаатай хүмүүсийн зүгээс ирэх янз бүрийн харьцааг харж хяналгүй хүүхдээ хүчирхийлэлд өртөн хохирч байгааг мэдээгүй өнгөрөх явдал ч нөлөөлөхийг санах хэрэгтэй.
Монголын хүүхэд хүмүүжүүлэх уламжлалт ёсонд “хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа” хэмээн сургадаг. Өөрөөр хэлбэл, хүүхдийг харааж зүхэхгүй, зодож гомдоохгүйгээр аливааг ойлгуулах, ухамсарлуулан мэдүүлэх аргыг голлон хэрэглэж, хайрлан хамгаалж өсгөсөөр ирсэн тухай олон баримт нотолгоо бий. Бидний өвөг дээдэс хүүхдэд аливааг сургаж ойлгуулахдаа өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлийг тулгах, хүч хэрэглэх бус нарийн утга учрыг арга ухаанаараа ойлгуулахыг мэрийж, үлгэр домог, сургааль, зүйр цэцэн үг, аман зохиолыг ашигладаг байсан нь тодорхой байдаг. Ухаантай хүн хүчтэй бөгөөд асуудал бэрхшээл тулгарахад уурын хүчээр биш ухааны хүчээр дийлэн гарч болдгийг үлгэр домогт ч сургадаг билээ.
15 цагийн өмнө
19 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.