Гамшгийн үед хүүхдийг хэрхэн хамгаалах талаар албан хаагчдад сургалт зохион байгууллаа

2018-10-13 Гэр бүл

 

Гамшгийн үед хүүхдэд тохиолдож болзошгүй хамгийн түгээмэл эрсдлийн нэг нь эцэг эх, асран хамгаалагч, төрөл саднаасаа төөрөх, тусгаарлагдах явдал байдаг.

Тиймээс хүүхэд тусгаарлагдахаас сэргийлэх арга хэмжээний талаар хүүхдийн байгууллагын ажилтан бүр тодорхой ойлголт, мэдлэг дадлага чадвар эзэмшсэнээр эрсдлийг бууруулахад чухал ач холбогдолтой. Энэ хүрээнд Онцгой байдлын газраас албан хаагчдад гамшиг, онцгой байдлын үед хүүхдийг хэрхэн хамгаалах талаар сургалт зохион байгуулсан.

Сургалтаар хүүхдийг гамшгийн үед хэрхэн хамгаалах талаар зааварчилгаа өгөхөөс гадна олон улсын туршлагын талаар санал солилцсон юм. Энэ үеэр хүүхдийг санамсаргүй байдлаар тусгаарлагдах нөхцлүүд, санаатайгаар тусгаарлагдах нөхцлүүд гэж бий. Мөн шууд
буюу гэнэтийн (эцэг эх нь нас барсан эсвэл нүүн шилжих үеэр төөрч алга болох гэх мэт) болон дам нөлөөгөөр (гамшиг, онцгой байдлын улмаас үүссэн нөхцөл байдлын нөлөөгөөр тухайлбал өлсгөлөн, ядуурал, халамжийн газар нээгдсэн гэх мэт) тусгаарлагдах шалтгаан үүсдэг талаар суралцагч нарт заасан.

Мөн гамшиг, онцгой байдал үүссэн нөхцөлд тусгаарлагдсан хүүхдийг эрэн хайх, тэднийг гэр бүл, асран хамгаалагч нартай нь нэгтгэх, тусгаарлагдсан, төөрсөн хүүхдийг яаралтай анхааралдаа
авч бүртгэх ажил маш чухал бөгөөд тухайн хүүхдэд тохиолдох хохирол, эрсдлийг бууруулах, хамгаалах ач холбогдолтой. Энэ нь багш, хүүхдийн байгууллагын ажилтнаас гадна насанд хүрсэн хүн бүрийн үүрэг байх ёстой бөгөөд энэ талаар бүрэн ойлголт авсан байх нь чухал.

Гамшгийн үед тусгаарлагдсан хүүхдийг аль болох яаралтайгаар гэр бүл, асран хамгаалагчид нь нэгтгэх нь хүүхдийг хамгаалах, хор хохирлоос урьдчилан сэргийлэх, сэтгэлзүйн тогтвортой байдлыг хангахад маш чухал үүрэгтэй.

Тусгаарлагдсан хүүхдийг гэр бүлд нь нэгтгэх үйл ажиллагаанд оролцох байгууллагуудын (Онцгой байдлын газар, цагдаа, зэвсэгт хүчин, эрүүл мэндийн байгууллага, хүүхэд хамгааллын байгууллага гэх мэт) хамтын ажиллагааг тайван цагт нягт уялдуулан зохицуулснаар учирч болох хохирлын хэмжээг бодитойгоор бууруулах боломжтой хэмээн сургалтад хамрагдсан албан хаагчид онцолж байна.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.