Хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байхыг ОБЕГ-аас анхааруулав

2018-10-25 Гэр бүл

Он гарсаар улсын хэмжээнд ахуйн гал түймэр нийт 3826 удаа гарч, 16.3 тэрбум төгрөгийн хохирол учирч, 77 хүн амь насаа алдсан байна. Үүний 33 нь том хүн, 44 нь хүүхэд байгаа юм. Иймд иргэн та өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд учирч болзошгүй гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа. Гал түймрээс сэргийлэхийн тулд:

ЕБС-ийн сурагчдын амралт эхэлсэн байгаа учраас бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь цоожилж үлдээхгүй байх /2018 онд 33 хүүхэд, 44 том хүн/, пийшин, зуух яндангийн эвдрэл гэмтлийг засч, хүүхэд хүрч, түлэгдэх, гэмтэхээс сэргийлэх, цахилгааны утас, залгуур, ил гарах зүйлс, шатах, тослох материалыг бага насны хүүхдээс хол байлгах,

Халуун үнс нурам, галтай хог хаягдлыг хогийн ил цэгт хаяхгүй байх, шингэрүүлсэн шатдаг хийгээр болон цахилгаанаар ажилладаг тулга, зуухыг ашиглахдаа аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг баримтлах,

Цахилгааны шөнийн тарифыг хөнгөлсөнтэй холбогдуулан цахилгаан халаагуур, халаагчийг гэр, байшин, аж ахуйн нэгж, байгууллагадаа суурилуулахаар сонгосон бол цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх,

Гарааш, ил зогсоолд автомашинаа байрлуулахдаа галын аюулгүйн зайн хэмжээг баримтлах, ил галаар автомашины мотор болон бусад явах эд ангийг халаахгүй байх,

Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зарж, борлуулах эрх бүхий газраас пиротехникийн хэрэгслийг худалдан авч, үйлдвэрээс тогтоосон аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгааг мөрдөх,

Аж ахуйн нэгж, байгууллагууд сүлд модыг дүрмийн дагуу угсарч ашиглах, тухайн обьектын харуул хамгаалалтын сонор сэрэмжийг сайжруулж, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийг бэлтгэсэн байх,

Баярын арга хэмжээ зохион байгуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд галын дохиоллын болон гал унтраах автомат системүүдэд ээлжит бус үзлэг хийж, хэвийн найдвартай ажиллагааг ханган, авралтын зам гарцыг чөлөөтэй байлгахыг анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Өнөөдрийн онч үг

19 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.