АН завсарлага авч, чуулган өндөрлөв

2018-11-22 Парламент

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын 2019 оны төсөвт бүхэлд нь хориг тавиад байгаа. Тодруулбал, УИХ-ын энэ сарын 2-ны хуралдаанаар ирэх оны төсөв баталсан. Монгол Улсын 2019 оны төсөв сахилга бат хариуцлагыг эрхэмлээгүй, үр ашиггүй болсон хэмээн үзэж Ерөнхийлөгч Х.Баттулга хориг тавьсан юм. Мөн төсвийн үрэлгэн зардлуудыг танах замаар 500 тэрбум төгрөг гарган, уул уурхайн бус экспортын үйлдвэрүүдийг дэмжин хөгжүүлэх, аж үйлдвэрийн комбинатуудыг санхүүжүүлэх арга хэмжээг төсөвт тусгах шаардлагатайг хоригт онцлон тэмдэглэсэн юм. Гэвч уг хоригийг УИХ-ын чуулганд танилцуулах байсан ЕТГ-ын дарга З.Энхболд хуралдаанд ирсэнгүй.

Энэ үеэр О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг чуулганд танилцуулаагүй тул хэлэлцэхгүйгээр буцаах нь зөв гэсэн санал гаргалаа.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Д.Хаянхярваа, Д.Оюунхорол нар Засгийн газрын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй байгааг шүүмжлэв. Түүнчлэн Засгийн газарт хариуцлага тооцох асуудал хөндсөний дараа энэ мэт үйлдэл хийж байгаа нь иргэдийг төлөөлж буй УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүдийн хийх үйлдэл биш хэмээв.

Харин энэ үеэр Д.Эрдэнэбат гишүүн Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН болон АН-ын бүлэг нарийвчлан хэлэлцэх шаардлагатай. Тиймээс Монгол Улсын 2018 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригоор АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авч буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Ардчилсан намын бүлэг парламентын үйл ажиллагаа тасралтгүй хуулийн дагуу явах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Асуудлыг сэтгэлийн хөөрлөөр шийдэж цаашаа явж болохгүй. Бид чинь төрийн түшээд шүү дээ. Асуудлыг танхимдаа ул суурьтай зөв буруугаа хэлэлцээд явах нь зөв. 29 жил бидний байгуулсан ардчиллын үнэ цэнэтэй зүйлийн нэг яах арга байхгүй мөн. Бие биенийгээ хууль бусаар шахаж, шаардах асуудалд Ардчилсан намын бүлэг байр суурь нэгдэхгүй байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Төсвийн хоригтой холбоотой асуудлаар олонхийн бүлэг байр суурийн нэгдмэл бус байдал ажиглагдаж байна. Улмаар хориг хэлэлцэх асуудал хүнд байдалд орж байна. Тиймээс МАН-ын бүлэг асуудлаа бүлгийн хурал хийж ярилцаач, бид ч бүлгээрээ асуудлыг ярилцаад, Ерөнхийлөгчтэй ч уулзаж ярилцъя. Монголын төрийг ухаан, зангарага зарж асуудлыг зөв ойлголцож явахгүй бол ингэж талцаж, явах юм бол улсын маань үндэсний аюулгүй байдал хамгийн эмзэг цэг рүү очино шүү. Тиймээс өнөөдрийн хуралдаанаас зөвхөн энэ хоригтой холбоотой асуудлаар Ардчилсан намын бүлэг завсарлага авч байна. Харин бусад асуудлаа цааш нь хэлэлцээд явах хооронд хэдүүлээ зөв ойлголтод руу явах саналтай байна” гэсэн юм.

Ерөнхийлөгийн хоригийг УИХ тодорхой хугацаанд хэлэлцэж шийдвэрлэх хуулийн заалттай. Тиймээс АН-ын бүлэгт хоёр цагийн завсарлага өгч буйгаа УИХ-ын дарга танилцуулснаар үдээс өмнөх хуралдаан өндөрлөв.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.