Ерөнхий сайд өвдөж, АН завсарлага авлаа

2018-11-17 Парламент

Чуулганы танхимаас

 

Засгийн газраас сугалсан арааг суулгаж өгөхөөр УИХ-ын гишүүд дугуй танхимд цугларсан ч өвчтөн ирсэнгүй. Тодруулбал, Ч.Улааныг Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Гэвч гүйцэтгэх засаглалын тэргүүн ирсэнгүй. Шалтгаан нь өвчтэй буюу энэ өдрийн ажлаас чөлөө авчээ. Ямартай ч Ерөнхий сайд хэлэх үггүй болохоороо ирсэнгүй хэмээн Төрийн ордонд шивэр авир хийцгээнэ.

Гишүүн О.Баасанхүү хүртэл бухимдаж, “Сайдын асуудал хэлэлцэх гэж байхад Ерөнхий сайд нь орж ирсэнгүй. Орж иртэл нь тус асуудлыг хэлэлцэхгүй байя” гэсэн горимын санал хүртэл гаргаад амжив. Гишүүн Д.Эрдэнэбат ЖДҮХС-гийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайд бий. Энэ асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг дэмжих боломжгүй гэж мэдэгдсэн юм. Энэ асуудалд Ерөнхий сайд У.Хүрэлсүх хариулт өгөх шаардлага үүснэ.

ЖДҮДС-гаас зээл авсан гишүүдтэйгээ хариуцлага тооц гэснийг бүлгийн дарга, хотын даргаа огцруулж, Спикерээ соль хэмээн ойлгосон Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд парламентын танхимд тайлбар хийнэ гэдэг амаргүй. Хариуцлага, сахилга бат хэмээн хаданд цуурайдтал хашгирч байсан тэрбээр хадны мангаа шиг аяглаж, үйлдлээ захирч дийлэхгүй, өнөөгийн улс төрийг бужигнуулж суугаагаа хэрхэн зөвтгөх нь бас л хачирхалтай.

Эцэст нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Бид зарчимтай байх ёстой. Байнгын хороогоор асуудлыг хэлэлцэж байхад Ерөнхий сайд нь байтугай Шадар сайд нь ч байгаагүй. Манай бүлэг байр сууриа тодорхой илэрхийлсэн. ЖДҮХС-гийн мөнгийг өөрсдийн хамаарал бүхий компаниуддаа авсан ашиг сонирхлын зөрчилтэй хоёр сайд бий. Энэ хоёр сайдынхаа асуудлыг шийдэхгүй, тэдэнд хариуцлага тооцохгүй бол ХХААХҮ-ийн сайдад нэр дэвшиж буй Ч.Улааныг дэмжих боломжгүй гэж үзэж буйгаа манай бүлэг мэдэгдсэн. Ерөнхий сайд төсвийн асуудал дээр ч тэр бүхэл бүтэн Засгийн газарт нь нэг сайд солигдож байхад орж ирэхгүй байгаа нь дэндүү хариуцлагагүй үйлдэл. Гэмтсэн гэдэг нь шалтгаан биш” хэмээсэн юм.

Шар хүний өмнөөс хар хүн гэгчээр суусан Шадар сайд Ө.Энхтүвшин “Ерөнхий сайд зугатаад ирээгүй юм биш. Нуруундаа бэртэл авсан. Үүнийг далимдуулах хэрэггүй. Төрийн ажил явдгаараа явна” хэмээн амандаа бувтнаж харагдав. Харин энэ зуур түүний өмнө микрофон байгаагүй бол түүний үгийг хэн ч сонсохооргүй байв. Ийнхүү АН завсарлага авч, Ерөнхий сайд өвдсөнөөр энэ өдрийн чуулган завсарлалаа.

Өнөөдрийн онч үг

14 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.