Далд амьдрал
Улаанчулуутын хогийн цэгт байх хүүхдүүдийг хүмүүжүүлж, сургуулийн өмнөх боловсрол олгож буй “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн хамгаалах байранд таван хүүхэд байгаа. Багш нарынх нь хэлснээр аав, ээж, ах, эгчээсээ “алган боов” хүртдэг хүүхдүүд хэд хэд бий гэв. Хүүхдээ зодож, хүч хэрэглэж “хүмүүжүүлдэг” гэр бүл түүнээс ч олон гэнэ. Нэгэнт тийм хүүхэд болгоныг багтаах, байрлуулах боломжгүй болохоор амь насанд нь эрсдэл учирч болзошгүй хүүхдүүдийг хамгаалж төвдөө асардаг гэх. Асаргаанд байгаа хүүхдүүд гурваас зургаан настай. Унтах, тоглох, идэх, эрхлэхээр өөрийг үл мэдэх нялхас ямар шалтгаанаар томчуудын уур хилэнг хөдөлгөдгийг хэн мэдэх вэ. Гэтэл тэрхүү нялхсын амь насанд нь заналхийлж, эр бяраа гаргадаг гэхээр юу ч гэмээр юм. Хөөрхийс ааг омгоо багтааж чадахаа больсон томчуудын гарын шүүс болоод дуусдаг нь бодит үнэн.
Түүнчлэн нийслэлийн хэмжээнд хүчирхийлэлд өртсөн иргэдэд тусалдаг, сэтгэлзүйн болон хууль эрхзүйн зөвөлгөө үзүүлдэг байгууллага шашны болон буяны зорилгоор үйл ажиллагаа явуулдаг гаднаас санхүүжилттэй хуруу дарам цөөн байгууллага бий. Түүн дээр нэмэгдээд чамгүй удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан, олны сайн мэдэх Хүчирхийллийн эсрэг үндэсний төв (ХЭҮТ) байна. Эдгээр байруудад 2016 он гарснаас хойш арван сарын хугацаанд 1100 хүн үйлчлүүлжээ. Тус төвийн нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хоёр хамгаалах байртай байсны нэг нь хуучирч, муудсанаас гадна хүчирхийлэл үйлдэгчид байршлыг нь мэдсэн учир татан буулгахаас аргагүйд хүрсэн гэнэ. Төрөөс дэмжлэггүй, төсвөөс нэг ч төгрөг авахгүй үйл ажиллагаа явуулдаг учир энэ байгууллага монголчуудын нөхцөл байдлыг бусдад тайлбарлаж, гаднаас бадар барьж хандив, тусламж гуйхаас аргагүйд хүрдэг. Байрныхаа хүчин чадлаас хамааран ердөө 20 орчим хүнийг байршуулж байгаа аж. Сая илүү хүнтэй, стресс бухимдал ихтэй хотод найман хамгаалах байр байдгийн хамгийн том нь 20 хүн авдаг юм байна. Энэ нь хангалттай үзүүлэлт байж чадах уу…
Г.Жаргал
10 цагийн өмнө
15 цагийн өмнө
Өчигдөр
Өчигдөр
87364
30393
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.