АНУ-ын мужууд коллежоо үнэ төлбөргүй болгож эхэллээ

2017-07-8 Ертөнц

АНУ-ын Роуд Айланд муж коллежоо үнэ төлбөргүй болгохоор хэлэлцэж байгаа аж. Хэдхэн хоногийн өмнө АНУ-ын Нью-Йорк муж ч бас дундаж давхаргын оюутнуудыг үнэ төлбөргүй сургах буюу тэтгэлэг олгохоор шийдвэрлэсэн юм. Харин Роуд Айландын тухайд ар гэрийн нөхцөл бололцоог харгалзахгүйгээр бүх оршин суугчдадаа хоёр жилийн коллежийн боловсролыг үнэ төлбөргүй болгох санал гаргасан байна. Тус мужид нийтийн өмчид харьяалагдах гурван коллеж бий бөгөөд түүнд элссэн оюутнууд үнэгүй суралцах юм байна.

Одоогоор тус мужид коллежид суралцах жилийн төлбөр 4-12 мянган ам.долларын хооронд хэлбэлздэг аж. Ийнхүү АНУ-ын мужуудад дээд боловсролыг үнэ төлбөргүй болгох санаачилгууд идэвхтэй хэрэгжиж эхэлж байна. Өнгөрсөн жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Хиллари Клинтон, Берни Сандерс нарын улстөрч дээд боловсролыг төлбөрөөс чөлөөлөхийг ихээхэн дэмжиж, сурталчилж байсан юм. Одоогоор АНУ-ын Теннесси, Орегон, Сан-Франциско зэрэг мужид оюутнуудыг төлбөрөөс чөлөөлөөд буй аж. Мөн Луйзана мужид сурлагын шаардлага хангасан оюутнуудыг төлбөрөөс чөлөөлдөг байна. Түүнчлэн АНУ төдийгүй дэлхийн шилдэг их сургууль болох Харвард, Стэнфорд, Принстон зэрэг сургуулиудад ч орлого багатай өрхийн өсөх ирээдүйтэй хүүхдийг үнэ төлбөргүй сургах хөтөлбөрүүд тус тусдаа хэрэгждэг билээ.

Б.Номун

 

 

 

 

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.