Н.ДАШДЭМБЭРЭЛ: Анхныхаа тоглолтыг аавдаа үзүүлж амжсангүй дээ…

2017-04-10 Соёл урлаг

 

 

Он цагийн орчил дунд нутаг ус, ижий, аавыгаа магтан дуулж, дуундаа мөнхлөнө гэдэг их буян. Нарангийн Дашдэмбэрэл гэх өвөрмөц агаад өөрийн гэсэн өнгө төрхтэй хоолойтой залуу дуучныг Монголын ард түмэн нэгэнтээ таньдаг болжээ. Тэрбээр МУГЖ Б.Цэцгээгийн шавь юм. Түүний урын санд “Идэрийн гол”, “Сүслэн дээдлэх нутаг”, “Чамдаа яараад байна”, “Ижий гөрөөс”, “Жаахан нуур” гээд 100 гаруй дуу бий. Түүнээс 20 гаруй дууг нь клипжүүлж, залуу үеийнхэн дундаа орон зайгаа эзэлсээр яваа эрхэм дуучнаар бахархахгүй байхын аргагүй. Н.Дашдэмбэрэл ТЗДБЧ-ын гоцлол дуучнаар ажиллаж, өөрийн уран бүтээлээ туурвисаар явна. Ингээд түүнтэй цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.

-Та аль нутгийн хүн билээ. Таны үүх түүхээс яриагаа эхлэе гэж бодлоо?

-Аав, ээж хоёр минь Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын улс. Ээж минь Говь-Алтай аймгийн Анагаахын сургуульд оюутан байхдаа намайг төрүүлсэн гэдэг. Манайх намайг бага байхад Завхан аймгийн Улиастай хот, Завханмандал суманд амьдарч байлаа. Харин өсч бойжиж, хүний зэрэгт хүрсэн Завхан аймгийн Завханмандал, Эрдэнэхайрхан сумаа би уугуул нутаг усаа гэж боддог. Эрдэнэхайрхан бол миний аавын төрсөн нутаг. Аавтайгаа хамт байсан бүхий л алтан дурсамжууд хэлхсэн сайхан нутаг даа.

-Анхны тоглолтоо ахмадын баяраар аав, ээждээ зориулж хийсэн гэсэн. Тэднийхээ тухай сайхан дурсамж хуучлах байх?

-Миний аав Политехникийн дээд сургууль төгссөн, геологийн инженер мөн нягтлан бодогч мэргэжилтэй хүн байсан. Бөөний бараа баазын нягтлан бодогч, шатахуун түгээгүүрийн түгээгч, мужаан, дархан, малчин гээд миний аавд хийгээгүй ажил цөөн. Харамсалтай нь аав минь 2006 онд бурхан болсон. Ээж минь бага эмч мэргэжилтэй. 1990-ээд оны эхээр цаг төр үймж, эдийн засаг хэцүүдэхэд ээж минь ажилгүй болж, тавын таван “Бакалын эздийг” тэжээх гэж цэвэрлэгч хүртэл хийж байсан даа. Миний аав ээж амьдралын төлөө, үр хүүхдийнхээ төлөө өөрсдийгөө мартан зүтгэсэн Монголын мянга мянган сайхан аав ээжүүдийн нэг. Тийм ч учраас би анхны тоглолтоо Ахмадын баярын өдрүүдээр хийхээр шийдсэн юм.

-“Ухаарч амьдрах хорвоо” дууг дуулсныг тань сонссон. Олон түмэнд анх хүргэсэн Төмөрхуяг /МУГЖ/ дуучнаас арай өөр, өөрийн гэсэн өнгө төрхтэй дуулсан сонсогдсон?

-Багаасаа дуулах дуртай хүүхэд байлаа. Оюутан болоод ч дууны амин сүнсийг ойлгоогүй явсан. СУИС-ийг төгсөх үед л дуулах гэдэг хичнээн нарийн мэдрэмж шаардсан, ямар төвөгтэй ажил вэ гэдгийг ойлгож эхэлж билээ. Дуу бол сэтгэлийн хөг. Дуулж хүний сэтгэлийн нандин учгыг хөндөнө гэдэг бүүр ч амаргүй даваа гэдгийг өдрөөс өдөрт ухаарч явна.

-Сэтгэлдээ хүртэл амилуулсан ямар дуу танд байдаг вэ?

-Дуучин хүн дуулсан дуугаа голох үе бий. “Өө” харна. Миний урын санд голдуу нутаг усны тухай дуу байдаг. Гэхдээ надад итгэл хүлээлгэж дуугаа хайрласан бүхий л уран бүтээлчдийнхээ дуунд адилхан л хайртай байж таарна шүү дээ. Заавал онцлох бол анхны цомгоо овоглосон “Сөөхийн мөртэй нутаг” дуугаа энэ удаа нэрлье.

-“Морин хуур 2014” наадамд түрүүлдэг “Ижий гөрөөс” дууныхаа бүтсэн түүхээс сонирхуулна уу?

-Би 2010 оны хавар Төмөр замчдын дуу бүжгийн чуулгад орсон юм. Ормогцоо чуулгынхаа тавьсан “Царцаа Намжил” дуурийн гол дүр Царцаа Намжилд тоглох аз тохиосон. Дараа нь 2012 онд “Эгшиглэнт галт тэрэг мину” дуулалт жүжгийн машинист залуу, 2013 онд “Хандармаа” хүрээ дуурийн гол дүр Данжаадад тоглосон. Данжаадад дуулахыг минь Чулуунхүү гавъяат үзээд, нутгийн дүү, залуу уран бүтээлч намайг анзаарсан юм болов уу. Түүнээс нэг жилийн дараа 2014 оны хавар бид тааралдаж, танилцсан. Тэгэхэд Чулуунхүү гавъяат надад дуу өгнө гэсэн. Тэр жил Дархан хамт явж, Завхан аймгийн Нутгийн зөвлөлийн золголт дээр дууллаа. Маргааш өглөө нь ирээд надад “Ижий гөрөөс”-ийг өгсөн юм. Яруу найрагч МУСГЗ Ай.Төмөр-Очир гуайн шүлэг.

Ихээ алс холоос цахилаад

Ижий гөрөөс саамшихад

Сүү нь дусалж цэцгэнд цутгана

Сүүдэр нь ивлэж янзагаа цатгана

Эхтэй амьтан энддэггүй ээ

Ээлийн наран жаргадаггүй ээ… гээд уншихад нь нүдэнд нулимс дүүрээд л “миний л дуулах дуу” юм байна гэдгийг зөнгөөрөө мэдрэх шиг болсон доо.

Аялгуу нь ч зөөлөн, ухааралтай. Энэ дэлхийн ижий амьтан бүхнийг хайрласан сайхан дуу болсон. Энэ дуугаараа 28 дахь удаагийн “Морин хуур” наадамд оролцсон 142 дуунаас түрүүлсэн. Бас Байгал орчин, ногоон хөгжлийн яамны “Байгал орчинд ээлтэй дуу”-гаар шалгарсан. Ээлээ хайрласан уран бүтээлдээ би хайртай.

аны уран бүтээлд хайрын сэдэвтэй дуу нэлээд бий. Ялангуяа “Чамдаа яараад байна” дууг тань залуус их аяладаг, дуртай. Хүмүүний амьдралын мөнхийн сэдэв “Хайр”-ын тухай бодлоо хуваалцана уу?

-Би чинь хөдөөний хүүхэд. Ах нар оюутан болж хот яваад, ээж сумын төвд дэлгүүр ажиллуулаад. Би л аавдаа хань, түшиг болж, хөдөө мал малласан. Есдүгээр ангид байхдаа хоёрдугаар улирлын амралтаар гэртээ хариад, буцаж сургуульдаа яваагүй. Ингээд хоёр жил мал дээр байсан. Тэгтэл дотночилж хардаг охин минь хот руу сургуульд явчихлаа. Тэгээд түүнтэйгээ захидлаар харилцдаг байлаа. Одоо миний эхнэр шүү дээ. Хайртай хүнээ алсаас санах, мөрөөдөхийн жаргалыг тэгж мэдэрсэн дээ. Хайрыг би тэр л мэдрэмж төрүүлсэн сайхан үеэрээ төсөөлдөг дөө.

-Малчин залуу дуучин болъё гэж хэзээ шийдэв?

-Хөдөө хоёр жил мал маллахдаа аавынхаа үгэнд орж, эчнээгээр дунд сургууль төгссөн. Төгсөөд конкурсдэх гээд очлоо. Миний сурч байсан 3 ангийнхан гурвуулаа байсан. Би чинь 1-р ангидаа аймгийн төвийн сургуульд ороод, 2-6 дугаар ангидаа Завханмандалд, 7-р ангиасаа Эрдэнэхайрханд, ахлах ангидаа Улиастайн I арван жилд гурван сар суугаад буцаад Эрдэнэхайрхандаа ирж төгссөн хүн. Конкурсийн үед бүх хүүхэд аав ээжтэйгээ ирчихсэн, би ганцаараа “өнчин ишиг” шиг юм явж байлаа. Найзууд ШУТИС-д хамт шалгуулъя гээд… Би урлагаар явна гээд…

Аав намайг “чи сураад яах юм” гэж хориод, би зөрүүдэлж гарсныг хэлэх үү. Гэтэл тэр жил манай аймагт СУИС-ийн хуваарь очоогүй. Тэгэхээр нь КУДС-ийн жүжигчний ангийн хуваарь авч, Ардын жүжигчин Цэрэндагва, Мэндбаяр багш нарынхаа шавь болж байлаа. Би их ичимхий. КУДС-д оюутан болж ирээд арай нүүр хагарсан. Тэгээд хавар нь бэлдэж байгаад СУИС-д шалгуулж орж билээ.

Хожим бодоход аав минь намайг хорьсон нь цаанаа алсын бодолтой байсан юм билээ. 9-р ангидаа сургуулиа хаяад явчихсан хүн оюутан болоод бас тэгэх болов уу гэсэндээ түүнээс “сэргийлсэн нүүдэл” байжээ. Аавынхаа өөдөөс зөрүүдэлсэндээ болоод би ямар ч бэрхшээл саадыг тэвчсэн, “заавал дуучин болно” гэж өөрийгөө зоригжуулдаг байсан.

-СУИС-ийн ангийнхныгаа танилцуулахгүй юу?

-Миний ордог 2004 онд дуулаачийн ангид хамгийн олон хүүхэд шалгуулсан, хамгийн олон хүүхдийг элсүүлсэн байдаг юм. Тэр жил орсон 84 хүүхдээс 53 нь төгссөн. Төгсөгчдийн 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж байгаа. Үүгээрээ бас л СУИС-даа “амжилт” тогтоосон анги. Гавъяат жүжигчин Амартүвшин, “Нюанс” хамтлагийн дуучин Дуйнхаржав, Б.Жавхлантөгс нар манай анги. Жавхаа бид хоёр ах дүүсийн хүүхдүүд байгаа юм. Ангийнхаа найзуудаар би бахархдаг шүү.

-Хэрвээ дуурийн дуучин болсон бол гэж бодох үе байдаг уу?

-Байдаг. Би чинь дипломоо “Иван Сусанин” дуурийн Сусаниний аригаар хамгаалсан хүн. Төгсөөд нутагтаа харьлаа. Малаа маллаад, намар хот орно доо гэж бодож байтал осолд орсон. Ингээд нэг жилийг алдаж байгаа юм. Өвөл нь хотод ирээд ажил хайсан. Тэгж байгаад Төмөр замчдын дуу бүжгийн чуулгад орсон. Хожим ОХУ-ын Чита хотын театраас ирж, дуучдыг шалгахад Б.Цэцгээ багш маань намайг “заавал шалгуул” гээд. Багшийнхаа заавраар шалгуулаад тэнцсэн. Гэхдээ яваагүй. Амьдрал ахуй гээд “араас чангаах” олон асуудал байсан л даа.

-Багшийн чинь хамгийн их чухалчлан захидаг сургаал юу байсан бэ?

-Миний багш шударга, зарчимч хүн. “Дуучин хүн эхлээд хүн л байх ёстой” ”Дуулаагүй үедээ ч бас дуучин байх ёстой” гэж захина. “Цаг бол цаг” гэнэ. Хариуцлагатай, хэлсэндээ байх ёстойг багш минь бидэнд заасан.

Багшийнхаа ачаар дуулах гэдэг сэтгэлгээний, толгойны ажил гэдгийг ойлгосон. Өнөөдөр Монгол дуучид яагаад олон улсын түвшинд үнэлэгдэж байгаа гээч. Энэ бол багш нарын маань гавъяа. Манай багш нар дэлхийд алдартай Оросын сонгодог сургуулийг эзэмшиж, Монголынхоо онцлогт тулгуурласан “Монгол тавил” -ийг буй болгосон алтан сэтгэлтэй, аварга хүмүүс.

-Монгол тавил гэхээр яг юу гэж ойлгох вэ?

-Хөг дуугаралт нь яг амьсгаан дээрээ тавилтаараа мөртлөө цаанаа задгай тавилтай дуугардаг. Төсөөлөөд үз дээ. Ариунбаатар, Амартүвшин нарын дуулалтаас сонсогддог, мэдрэгддэг.

-Нутаг усны тухай дуулахад танд юу бодогддог вэ?

-Би бороо ордог улиралд дуртай. Борооны дараа байгаль дэлхий цаанаа л амгалан болдог. Хөдөөнийхөө агь таанын үнэрийг санана. Ямааны тараг хачин сайхан. Аав ээжтэйгээ хамт байсан, адуу малдаа явдаг байсан, нуга тойром минь нүдэнд дурайгаад л ирнэ. Аавынхаа тухай бодох бүрт сэтгэлд ая эгшиглэдэг. Би чинь аавынхаа “амин”-ы хүүхэд. “Миний хүү чинь хүн болох гэж болсон хүн шүү” гэж аав минь хэлдэг байсан даа. Мэдэх нь ээ, дээрээ гурван ахтай, хавар төрсөн надад сүү ч олдохгүй, хар цайгаар угжуулж өссөн юм билээ. Ижий, аав хоёртоо талархаад баршгүй ээ. Анхныхаа тоглолтыг аавдаа үзүүлж амжсангүй, гэхдээ ижийдээ үзүүлнэ, баярлуулна гэж бодсон. Түүнийгээ ч биелүүлсэн.

-Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсэн ерөөе

Чуулган: Байр суурь

3 цагийн өмнө

Өнөөдрийн онч үг

4 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.