БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдэд 2018 оны 10 дугаар сарын 1-нээс 2019 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл өршөөлийн аян өрнүүлж байгаа тухай БНСУ-ын Хууль зүйн яамны харьяа Цагаачлалын алба мэдэгдэв.
Дээрх хугацаанд хууль бусаар оршин суугаа гадаадын иргэд сайн дураараа эх орондоо буцсан тохиолдолд БНСУ-д буцаж ирэхэд нь хилийн хоригоос чөлөөлнө. Харин баривчилгаанд өртсөн иргэдийг дээд тал нь 10 жил хүртэлх хугацаагаар БНСУ-д дахин нэвтрэх эрхийг нь хязгаарлах ажээ.
Түүнчлэн Солонгосын Цагаачлалын албанаас барилга, үйлчилгээний газруудад баривчилгаа, шалгалтын ажиллагааг идэвхжүүлэх бөгөөд хууль бусаар оршин суугч гадаадын иргэдэд ажил олгосон аж ахуйн нэгжүүд, ажилд зуучлагчдад эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна торгууль ногдуулах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэл хатуу арга хэмжээ авах тухай мэдэгдсэн байна.
Оюутан, гэр бүлийн гишүүн зэрэг хөдөлмөр эрхлэх визгүй иргэд хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн тохиолдолд мөн албадан нутаг буцаах ажээ.
Иймд БНСУ-д визийн хугацаа хэтрүүлэн хууль бусаар оршин суугаа манай улсын иргэдийг энэхүү өршөөлийн аяныг ашиглан эх орондоо буцаж ирэхийг ГХЯ-ны Консулын газраас зөвлөж байна.
КОНСУЛЫН ГАЗАР
87364
30394
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.