Үүнийг сонсоод хачирхалтай санагдаж байж магадгүй ч Японы нэгэн том барилгын компани болох Обаяаши корпораци 2050 он гэхэд сансрын цахилгаан шат барих төлөвлөгөөгөө дэлхий нийтэд зарлаж байсан нь саяхан. Уг сансрын цахилгаан шат нь дэлхийгээс 37,000 километрийн өндөрт байрлаж буй сансрын станц руу хүрэх гарц болох ба сансрын цахилгаан шатны дээс нь 96,000 километр байх аж. Мөн нэг удаагийн аялалд гучин хүн багтаах бөгөөд цагт 200 километрийн хурдтай хөдөлдөг байх гэнэ. Хүн төрөлхтөн сансарт аялахыг ид мөрөөдөж, түүнийгээ хэрэгжүүлэхээр чармайн буй энэ цаг үед уг байгууламжийн сураг ажиг зарим хүмүүсийг баярлуулах нь мэдээж. Гэхдээ Обаяаши корпорацийг ийм агуу бөгөөд лут байгууламжийг бүтээж чадах эсэх нь эргэлзээтэй гэж зарим мэргэжилтэнгүүд үзэж байна. Тэд уг асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гарган тавьж байгаа нь сонирхууштай.
Цахилгаан шатны дээсэнд ирэх нэгж талбайн массын хэмжээ 100,000 кг/м-ээс давах учраас уг дээс нь хэт суналтыг эсэргүүцэх маш өндөр бат бөх чанартай байх ёстой. Гэтэл манай гаригийн хамгийн бат бөх, уян хатан материал болох карбон нано хоолой ч энэ шаардлагыг хангаж чадахгүй байгаа нь харамсалтай. Цахилгаан шатны дээсийг бүтээх технологийг хөгжүүлэх үйл явц одоо дөнгөж эхлэлийнхээ шатанд явж байна.
Кабель болон авирагчид нь дэлхийн гадаргууд харьцангуй тогтвортой байх ёстой юм. Дэлхий тэнхлэгээ тойрон эргэх хөдөлгөөн болон нарны салхи гэх мэт хүчин зүйлсээс болоод сансрын цахилгаан шат яг л дүүжин шиг савлана гэсэн үг.
Цахилгаан шатны дээс нь нарны урьдчилан таамаглашгүй салхины нөлөөнд өртөх болно. Үүний нөлөөгөөр дээс тахийж цахилгаан шатны тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх юм. Кабелийн микромоторт тогтворжуулагчуудыг бэхэлж болох ч түүний хэмжээ нь нэмэлт хүндрэлүүдийг бий болгох магадлал их. Түүнчлэн авирагчид хэмээн нэрлэгдэх дээсний тусгай бүхээгнүүдэд таагүй хөдөлгөөн үүсгэж болох юм.
Сүүлийн 50 жилийн хугацаанд хүн төрөлхтөн сансарт маш их хог хаягдлыг хаясан. Сансрын хог хаягдалд ихэвчлэн ашиглалтаас гарсан хиймэл дагуул болон пуужин зөөгч зэрэг металл хогнууд байдаг аж. Сансрын цахилгаан шатыг бүтээгчдийн хувьд сансарт байгаа хог хаягдлыг нэг бүрчлэн түүж цуглуулж, зайлуулах боломж байхгүй нь лав. Сансрын цахилгаан шатны дээс нь задгай сансарт эргэлдэн хөвж байгаа үй олон хог хаягдлуудад цохигдож мөргүүлэн маш ихээр гэмтэл эвдрэх магадлал их. Сансрын цахилгаан шат бүү хэл хиймэл дагуул болон судалгааны сансрын хөлгийн их биеийг цөм цохих нь элбэг байдаг байна. Эрдэмтэд сансрын хог хаягдлыг шатаах тойрог замын лазерын талаар ярьж байгаа ч энэ одоогоор шинжлэх ухааны зөгнөл болон мөрөөдөл төдий байгаа юм.
Зарим шинжээчдийн үзэж байгаагаар сансрын цахилгаан шат нь алан хядах үйл ажиллагааны ганц бай болж болзошгүй юм. Хүрээлэн буй орчны талаар судалдаг эрдэмтдийн дунд сансрын цахилгаан шатны кабель дэлхийн тэнхлэгт муугаар нөлөөлнө гэж үзэх хүмүүс ч бий. Түүнчлэн Рочестерийн анагаах ухааны их сургуулийн профессор О`Банион ярихдаа “Сансар огторгуйн цацраг нь дэлхийн тэнхлэгээс гарч буй хүнд чамгүй аюул тарьж болох юм. Сансарт аялах хугацаанд ямарваа төрлийн цацрагт өртсөнөөр хорт хавдартай болох эрсдэл үүсдэгийг нэлээд эртнээс хүмүүс мэддэг байсан хэмээжээ ”.
Б.Гантулга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87368
30416
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.