Өнөөдрийн байдлаар 12 сургууль ажил хаяад байна

2018-09-3 Боловсрол


Хичээлийн эхний өдөр багш нар ажил хаялт зарлахаа мэдэгдсэн. Энэ дагуу нийслэлийн хэмжээнд нийт ерөнхий боловсролын 12 сургуулийн багш нар ажил хаяад байна. Тодруулбал, Баянгол дүүргийн 93-р сургууль, Эрдмийн өргөө, Баянзүрх дүүргийн 79, 92, 97, 102, Амгалан сургуулиуд, Хан-Уул дүүргээс 18,26, 34, 41, 114 дүгээр сургуулиуд ажил хаялтад нэгджээ.

Мөн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” сургууль 40 хувийн ажил хаялттай байгаа аж. Ажил хаялт зарлаад байгаа багш нар Засгийн газарт хандан, нийт дөрвөн шаардлага тавьсан. Үүнд,

НЭГ: 2018 оны улсын төсөвт тодотгол хийж, боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилтнуудын үндсэн цалинг 15 хувиар 2018.09.01-ний өдрөөс нэмэгдүүлэх,

ХОЁР: 2018 оны Улсын төсөвт тусгагдсан төсвийн байгууллагуудын ажиллагсдын бодит орлогыг нэмэгдүүлэх 56.6 тэрбум төгрөг болох 300 мянган төгрөгийн урамшууллыг 2018.10.01-ний өдрөөс олгох

ГУРАВ: 2019.01.01-ний өдрөөс боловсрол, шинжлэх ухааны салбарын ажилчдын цалинг 50 хувиас доошгүй хувиар нэмэгдүүлэх,

ДӨРӨВ: Хөдөлмөр, нийгмийн зөвшилцлийн гурван талт улсын хэллэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй Засгийн газрын буруутай үйл ажиллагааны улмаас ажил хаялт зарлахад хүрсэн тул ажил хаялтад оролцох ажилчдын цалин хөлсийг бүрэн олгох гэсэн шаардлагууд багтаж байгаа юм.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.