Ерөнхий боловсролын 25, “Үй-Цай”, “Этүгэн” их сургууль, “Хобби”, МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль болон оюутны дөрөвдүгээр байрны оюутан, сурагчид болоод багш, ажиллагсад сургуульдаа хэрхэн очихоо мэдэхгүй явна. Учир нь дээрх сургуулиуд руу зорчих хэсгийг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль “хамгаалалт”-д авч, явган зорчигч зорчих боломжгүй болгожээ.
1970-аад оноос хойш нийтийн зориулалттай авто замаар ашиглагдаж байсан тул талбайг Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн удирдах албан тушаалтнууд эзэгнэсэн нь энэ. Эрх мэдэлтний өмнө хууль мөхөсдөж, энгийн иргэд чирэгддэг зарчим энэ удаад ч хэрэгжиж байгаа нь энэ.
Нийтийн эрх ашгийг хүндэлж, хүүхдийн төлөө за гэж хэлэхийг эрх мэдэлтнүүд уриалах атлаа ажил хэрэг болгодоггүй. Үүний тодхон жишээ нь, Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн ухамсаргүй үйлдэл. Сүхбаатар дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа үйлдвэрлэлийн их сургууль зүүн талын зорчих хэсгийн хаалгаа гагнан түгжиж, төмөр хашаагаар хүрээлүүлжээ.
Харин баруун талын нийтийн эзэмшлийн хэмээн ашиглагдаж байсан авто зогсоолыг кадастрын зургандаа өөрчлөлт оруулан өвөртөө хийж, төмөр гинжээр гинжилж, хамгаалалтын ажилтан “байрлуулсан” байна.
Ингэснээр дээрх нэр бүхийн сургуулийн сурагчид, оюутнууд, эцэг, эх, сурган хүмүүжүүлэгчид ажлын байрандаа, хичээлийн танхимдаа хэрхэн очих учраа олохгүй бужигнаж байна.
Гурав хоногийн дараа хичээлийн шинэ жилийн нээлт болно. Гэтэл сургуулийн бүсэд аюулгүй байдлыг бүрэн хангах нь битгий хэл зорчих хэсэггүй газарт хэрхэн хөл тавихаа мэдэхгүй байгааг хэрхэх вэ, Ц.Цогзолмаа сайд аа.
Хоёр ч сурагч дээр нөхцөл байдлаас үүдэлтэй зам тээврийн осолд өртсөн байна. Энэ тоо энэ хичээлийн жилд нэмэгдэх вий гэх айдастай байгаагаа тэр хавийн оршин суугчид хэлж байна. Нэг их сургуулийн уршгаар нийтийн эрх ашиг хөсөр хаягдсан жишээ нь энэ. Сурагчдыг нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих асуудлыг шийдвэрлэх хүрээнд “Сургуулийн автобус” төсөл хэрэгжүүлэхээр болсон билээ. Гэвч явган зорчигч зорчих боломжгүй энэ хэсэгт сургуулийн автобуст цухуйх зай ч алга.
Нийтийн эрх ашгийг ноцтойгоор зөрчиж байгаа Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль /хуучнаар/ өнгөрсөн жил буюу Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед дээд сургуулийн статусаа гээж, Монгол Улсын ууган сургуультай нэгдсэн юм. Танхимын тэргүүний суудлаасаа буусан Ж.Эрдэнэбатын гэргий тус сургуулийн ТУЗ-ийн гишүүн гэдгийг ч учир мэдэх хүмүүс хэлэх аж.
Тиймдээ ч бусдын эрх ашгаас илүүтэй аминчхан загнасан нь тэр бололтой. Ард нь хамгаалах хүн бий учраас ардын хүүхдүүдийг ч үл тоомсорлож байгаа нь энэ бус уу.
Эрх мэдэлтний хормойд шургалж, кадастрын зургаа өөрчилж, талбайгаа тэлэхдээ нийтийн эзэмшлийн авто замын талбайг хаасан энэ үйлдлийг шийдвэрлэж өгөөч, Э.Болорчулуун дарга аа.
Хичээлийн шинэ жилийн хонх өнөө, маргаашгүй цохих гэж байхад ийм байдалтай байгаа боловсролын салбартаа анхаарал хандуулаач, Ц.Цогзолмаа сайд аа. Танд хаяглагдсан албан бичигтэй танилцсан уу, та.
Тээврийн хэрэгсэл битгий хэл явган зорчигч явах боломжгүй энэ газраас болж есдүгээр сарын 1-нээс эхлэн төв замын ачаалал хэд дахин ихсэхийг эрх биш Замын цагдаагийн албаныхан тооцоолсон байлгүй. Иймээс хүүхдийн төлөө гэсэн сэтгэлээр энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү, хотын дарга аа.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30429
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.