Эцэг эхээс засварын мөнгө авсан сургуулийн захиралд сахилгын шийтгэл оногдуулжээ

2018-07-25 Боловсрол

Авлигатай тэмцэх газарт ирүүлсэн өргөдөл гомдол, мэдээллийн дагуу ХАСХОМ-ийн хяналт шалгалтыг явуулж өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Сүхбаатар аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга Х.Энхтуяа, Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын Зам, тээврийн хяналтын хэлтсийн дарга С.Дорждагва нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан байна.

АТГ-т энэ сард иргэн, аж ахуйн нэгж байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 37 өргөдөл, гомдлыг хуулийн хугацаанд хянан шийдвэрлэсэн аж. Өдгөө тус газар 48 гомдол, мэдээллийг хянан шалгаж байгаа гэнэ.

Өргөдөл, гомдол, мэдээллийг агуулгын хэлбэрээр нь авч үзвэл, албан тушаалын байдлаа ашиглан өөртөө болон бусдад давуу байдал олгосон, албан үүргээ гүйцэтгэхдээ ашиг сонирхлын зөрчил гаргаж, албан тушаалтанд тавигдах хориглолт хязгаарлалтыг зөрчсөн, ашиг сонирхлын зөрчилтэй хууль бус томилгоотой холбоотой гомдол мэдээлэл дийлэнх хувийг эзэлжээ. Хянан шийдвэрлэсэн өргөдөл, гомдлоор зөрчил гаргасан дараахь албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.

Тухайлбал:

Дорноговь аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын Мал эмнэлгийн албаны дарга Б.Баярмандах нь томилогдсоноос хойш ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй нь тогтоогдсон тул тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргын тушаалаар сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 92 дугаар сургуулийн захирал Д.Октябрь нь сургуулийн зарим засварын хөрөнгийн асуудлыг эцэг эхийн хандив, санхүүгийн дэмжлэгийг авч гүйцэтгэж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 “Албан тушаалтан .., иргэн, хуулийн этгээдээс бэлэг бусад санхүүгийн туслалцаа авах хүсэхийг хориглоно”, 17.3 “Албан тушаалтан хандив, санхүүгийн туслалцааг авахын өмнө өөрийн удирдлага, эсхүл эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл авсан байна” гэж заасныг тус тус зөрчсөн. Түүнчлэн Д.Октябрь нь сургуулийн захирлын хувьд бэлнээр мөнгө хураах, хандив цуглуулах ажлыг зогсоогоогүй болох нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар сануулах сахилгын шийтгэл тооцуулсан.

Увс аймгийн Өндөрхангай сумын Засаг дарга Ц.Сундуй нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчсөн, мөн тухайн албан тушаалд томилогдсоноос хойш ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаж бүртгүүлээгүй, мэдүүлгээ зөрүүтэй буюу худал мэдүүлсэн нь тогтоогдсон тул тус аймгийн Засаг даргын захирамжаар сахилгын шийтгэл тооцуулсан.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.