Үндэсний хоршоологчдын өдрийг угтан сургалт зохион байгуулжээ

2018-07-9 Мэдээ, мэдээлэл

“Олон улсын хоршооллын өдөр” өнөөдөр (2018.07.07) тохиож байна. 95 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж буй уг өдрийг энэ жил “Хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой нийгмийг байгуулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Олон улсын хоршооллын өдөр, Үндэсний хоршоологчдын өдрийг угтан “Хоршоодын үзүүлэх сургалт”-ыг 6 дугаар сарын 30-наас 7 дугаар сарын 4-ны өдрүүдэд Увс аймагт зохион байгууллаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Увс аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөө аж ахуй, хоршоологчдын холбоо, Глобал коммунитс олон улсын байгууллага хамтран зохион байгуулсан сургалтад Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн хоршоод, жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан 170 гаруй хүн оролцсон юм. Сургалт бүхэлдээ жижиг, дунд үйлдвэр, хоршооны хууль эрх зүйн орчин, өнөөгийн байдал, хоршооны талаар төрөөс баримталж буй бодлого, зорилт, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг сэдвүүдэд төвлөрсөн.

Сургалтын үеэр Увс аймгийн Өндөрхангай, Наранбулаг, Улаангом сумын хоршоодын үйл ажиллагаатай танилцсан. Мөн аймгийн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид, хоршоодын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг сонирхож, тэргүүний хоршоодоос туршлага судлан, харилцан мэдээ мэдээлэл солилцлоо.

Мөн 2017 онд ажлаараа салбарын хамт олноо манлайлсан хоршоодыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 221 дүгээр тогтоолоор батлагдсан “Улсын шилдэг хоршоо шалгаруулах журам”-ын дагуу ХХААХҮ-ийн сайдын 2018 оны А113 тушаалаар “Улсын шилдэг хоршоо”-оор тодруулан шагнаж урамшууллаа. Улсын шилдэг хоршоогоор дараах аж ахуйн нэгж тодорсон юм. Үүнд,

– Баян-Өлгий аймгийн Малчны хөгжил ХЗХ

– Орхон аймгийн Арвин шар зам хоршоо

– Өвөрхангай аймгийн БЭХ ХЗХ

– Увс аймгийн Шилмэл сүрэг Ховд хоршоо

– Увс аймгийн Бургастайн гол хоршоо

 

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.