Улаанбаатар хотын хэмжээнд авто замын ус зайлуулах шугам сүлжээний хүрэлцээ муутайгаас үүдэж бороо орсны дараа авто зам дээр ус их хэмжээгээр тогтож, иргэдийн тав тухыг алдагдуулж авто зам болон явган хүний зам талбайгаар зорчих боломжгүй болдог. Тиймээс хур борооны улиралд түр зуурын аадар бороо ороход үерт автаж зорчиход хүндрэлтэй байдаг Токиогийн гудамж, “E-mart” дэлгүүрийн хойд уулзварын борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн 1-р ээлжийн ажлыг эхлүүлсэн.
Тус ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, НАЗХГ-ын орлогч дарга Б.Индра, НГУББГ-ын дарга Т.Цэрэнноров нар бусад албаны инженерүүдийн хамт борооны ус зайлуулах шугамын ажлын нөхцөл байдлыг шалган газар дээр нь ажиллалаа.
Борооны ус зайлуулах шугам шинэчлэлтийн нэгдүгээр ээлжийн ажил зургадугаар сарын 20-ны өдөр эхэлжээ. Өнөөдрийн байдлаар 112 м урт ф400 төмөр бетон хоолой угсарч, ус хүлээн авах үзлэгийн худаг 5, шүүрт худаг хоёрыг суурилуулах ажлууд хийгдэж, ажлын явц 40%-тай байна.
Ажлыг шалгах үеэр НЗД-ын орлогч П.Баярхүү “Токиогийн гудамжны борооны ус зайлуулах шугамын шинэчлэлтийн ажлаас гадна замын гарцыг өөрчлөх ажил хийгдэнэ. Өмнө нь авто машин төв зам руу тойрон орж түгжрэл үүсгэдэг байсныг өөрчлөн зам руу нэвт орох гарцыг нэмж хийж өгнө. Ингэснээр түгжрэлийг тодорхой хэмжээгээр бууруулах боломжтой” хэмээлээ.
Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга Т.Цэрэнноров “2018 оны төсөвт Улаанбаатар хотод ус ихээр тогтдог 10 байршилд шугам угсралтын ажил хийгдэж байна. Энэ ажлын хүрээнд “E-mart” их дэлгүүрийн орчмын шугам солих ажил хурдтай явагдаж байна. Тус газрын хуучин шугам 1984 онд тухайн үеийн инженер барилга, байгууламжид зориулан хийгдсэн. Сүүлийн жилүүдэд ус их тогтож, ачааллаа даахгүй нөхцөл байдал үүссэн болохоор 2018 оны төсөвт энэ хэсгийн ажлыг хоёр ээлжээр шинэчлэх хөрөнгө тавигдсан. 1-р ээлжинд 180 метр шугамыг сольж, шинээр ус хүлээж авах 10 салбар шугам нэмэх ажил хийгдэж байна. Энэ ажил наадмын өмнө дуусахаар төлөвлөн ажиллаж байна.” хэмээлээ.
Геодези, Усны барилга байгууламжийн газраас Улаанбаатар хотын хэмжээнд ус зайлуулах шугам сүлжээгүй, борооны ус ихээр тогтдог ачааллыг дийлэхгүй байгаа эхний 10 байршлын судалгааг гарган түүнээс зургаан байршлын ажлыг нь 100% хийж гүйцэтгэн ашиглалтад оруулах комисст хүлээлгэн өгсөн байна. Харин Чингис зочид буудлын урд хэсэгт хийгдэж буй борооны ус зайлуулах шугамын ажил долоодугаар сарын 11-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа аж.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30423
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.