“Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хэрэгжилтийн талаар илтгэл танилцууллаа

2018-07-5 Мэдээ, мэдээлэл

Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын бага хурал “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хяналт үнэлгээ сэдэвт техникийн хуралдаанаар үргэлжилж байна.

Тус хуралдаан нь “Сендайн үйл ажиллагааны хүрээ“ баримт бичиг, “Парисын хэлэлцээр“ болон дэлхий нийтийн бусад хөтөлбөрүүд гамшгийн эрсдэлийн мэдээлэлд суурилсан, уур амьсгалын өөрчлөлтийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого, төлөвлөлттэй нийцсэн байдал, хөтөлбөрүүдийн харилцан уялдааг хангахын тулд гишүүн улс орон, бусад сонирхогч талуудын хэрэгжүүлсэн хөтөлбөр, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа юм.

Хуралдааны үеэр ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг“-ийн хяналт үнэлгээ: Монгол Улсын боломж, тулгарч буй хүндрэл бэрхшээл” сэдвээр илтгэл танилцууллаа.

Тэрээр илтгэлдээ “Монгол Улсын Засгийн газраас гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги”-ийг 2017 онд баталсан. Энэхүү стратегийг Дэлхийн тогтвортой хөгжлийн хөтөлбөр-2030, Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг Парисын хэлэлцээр, Сендайн үйл ажиллагааны хүрээг хэрэгжүүлэх Азийн бүсийн төлөвлөгөө, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030“ зэрэг баримт бичгүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхээр боловсруулсан юм. Түүнчлэн Засгийн газар, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон захиргааны байгууллага, иргэний нийгмийн, шинжлэх ухааны байгууллага, хувийн хэвшил, иргэд, олон нийт, олон улсын байгууллагуудын түншлэл, хамтын ажиллагаанд суурилан хэрэгжүүлж байна. Гамшгийн эрсдэлийг бууруулах олон нийтийн мэдлэг ойлголт нэмэгдэх, гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн тогтолцоо, эрх зүйн орчин боловсронгуй болох, гамшгийн мэдээллийн нэгдсэн сан бий болох, аймаг, нийслэл, сум, дүүрэг, мэргэжлийн байгууллагын гамшгаас хамгаалах чадавх бэхжиж гамшгийн эрсдэл буурах, улс орны тогтвортой хөгжлийг хангах нөхцөл бүрдсэн” гэдгийг онцолоо.

“Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”-ийн хяналт үнэлгээ сэдэвт техникийн хуралдаанаар гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээрх бодлого, хөтөлбөрүүд амжилттай хэрэгжихийн гол тулгуур болох санхүү, технологи, мэдээлэл/статистик, чадавхыг хөгжүүлэх зэрэг шинэ боломжуудын талаар улс орнууд өөрсдийн туршлага, ололт амжилтаа хуваалцаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.