Үндэсний их баяр наадмын хурдан морь зохион байгуулах салбар хорооноос өнөөдөр /2018.06.29/ хэвлэлийн хурал хийлээ.
Тодруулбал, энэ жилийн наадмын хурдан морины уралдаан болон Хүй долоон хутагт хийхээр төлөвлөсөн ажлуудын талаар мэдээлэв. Баяр наадмын салбар хороо 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа гэнэ. Тус хорооныхон Хүй долоон худагт ирэх сарын 9-нөөс эхэлж ажиллах юм байна. Харин ирэх наадмаар Хүй долоон худагт 2000-2500 төрийн албан хаагч ажиллах мэдээтэй.
Тэгэхээр сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүдтэй холбоотой асуудал нэлээд гарах болсон. Тодорхой зохицуулалт эл салбарт үгүйлэгдэж байсныг амтай бүхэн хэлж байсан юм. Харин энэ жилээс эхлэн нэлээд цэгцлэгдэж буй талаар холбогдох албаныхан мэдээлж байна. Тухайлбал, хурдан морийг зөвхөн долоо болон түүнээс дээш насныхан унах эрхтэйг журамд тодотгожээ. Мөн айрагдсан морины шагналын 30 хүртэлх хувийг хүүхдэд олгох юм байна. Хурдан морины уралдааныг хэвлэл мэдээллийн дөрөв ба Хүн, мал эмнэлгийн нэг нэг, чиглүүлэгч нэг гэсэн нийт найман машин дагаж явах аж.
Мөн ирэх сарын 10-13-ны хооронд Хүй долоон хутагт Монгол морьтны үзүүлэх тоглолт, шүхрээр буух үзүүлбэр, жороо морины уралдаан зэргийг хийхээр төлөвлөн ажиллаж байна гэв.
Хурлын үеэр Гэр бүл хүүхэд залуусын хөгжлийн газрын хууль хяналтын хэлтсийн дарга Н.Энхбаатар “Энэ жил үндэсний их баяр наадам болон 21 аймагт зохион байгуулагдаж байгаа наадмуудад хүүхэд эрсдэхээс хамгаалах чиглэлээр Гэр бүл хүүхэд хөгжлийн газар ажиллаж байна. Өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхэлсэн уралдаанч хүүхдийн хурууны хээний цахим бүртгэлийг энэ жил мөн хэрэгжүүлж ажиллана. Өөр хүүхдийн бичиг баримтаар бүртгүүлдэг, уралдах насанд хүрээгүй хүүхэд уралдуулдаг энэ байдлыг таслан зогсооно. Цахим бүртгэлд бүртгээд уралдах хүүхдүүдэд цахим карт олгоно. Энэ дагуу уралдаж эхлэхээс нь өмнө шалгах юм. Уралдаанд оролцох хүүхдийн эцэг эхийн зөвшөөрлийг бичгээр шаардаж, зөвшөөрсөн тохиолдолд хурдан морины уралдаанд оролцуулах юм” гэдгийг тодрууллаа.
М.Уянга
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.