МҮХАҮТ-аас хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас сэргийлэн арга хэмжээ авах тухай уриалга гаргажээ. Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.
НИЙТ АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД
Өнгөрсөн өдрүүдэд иргэд, албан байгууллагын анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй үйлдэл, өөрсдийн үйл ажиллагаа болон техник хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллаагүй, хяналт тавиагүйгээс шалтгаалан тоглож явсан балчир үрс маань амиа алдсан харамсалтай хэргүүд удаа дараа гарсанд МҮХАҮТ-ын гишүүн байгууллага, нийт хамт олноос тэдгээр хүүхдүүдийн гэр бүлд гүнээ харамсан, эмгэнэл илэрхийлж байна.
Манай Улсын хүн амын 30 гаруй хувь буюу 970 мянга орчим нь 0-14 насны хүүхэд байна. Гэвч бид хойч ирээдүй болсон үр хүүхдүүдээ эрүүл, аюулгүй орчинд амьдруулан, эрүүл, боловсролтой, бүтээлч иргэн болгож өсгөх бус баталгаагүй орчинд хайхрамжгүй байдлаас шалтгаалан бяцхан үрсээ эрсдэлд оруулж, эрүүл мэндэд их хэмжээний хохирол учруулж, цаашлаад амь насанд хүрч буй аймшигтай хэргүүд олон тохиолдож байна. Өнгөрсөн жилийн байдлаар 14 хүртэлх насны 1400 гаруй хүүхэд нас барсан тохиолдол гарсан бол үүний шалтгаан нь гол төлөв зам тээврийн осол, түлэгдэл, гэмтэл зэрэг хараа хяналтгүй, хариуцлагагүй байдлаас үүдэн гарчээ.
Иймд МҮХАҮТ-ын зүгээс нийт аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хандан НҮБ-ийн Даян Дэлхийн гэрээ буюу компанийн нийгмийн хариуцлагыг сайжруулах санаачлага түүнчлэн НҮБ-ын Хүүхдийн Сангийн “Хүүхдийн эрх ба бизнесийн зарчим”-ыг хэрэгжүүлэх хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэн, аюулгүй байдлыг ханган ажиллахад бизнесийн байгууллагын хүлээх үүрэг, оролцоог ухамсарлан хүүхдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахаас сэргийлэн ажиллахыг уриалж байна.
Мөн компаниуд өөрсдийн үйл ажиллагаа, барилга байгууламж, ойр орчим гаднах талбайд мөн тоног төхөөрөмжид байнгын хяналт тавьж, стандарт, шаардлагыг мөрдлөг болгон ажиллах цаашлаад аюулгүй байдлаа хариуцлагатайгаар өдөр бүр ханган ажиллан, хүүхдэд ээлтэй орчныг бий болгох хүрээнд “7 хоногийн аяныг” эхлүүлж байна. Мөн холбогдох хяналт, шалгалтын байгууллагаас эрсдэлтэй барилга байгууламж, байгууллагад үзлэг, шалгалт хийх, зөвлөмж, шаардлага хүргүүлэх, арга хэмжээ авах, хэрэгжүүлэн ажиллахыг хүсэж байна.
2024-11-22
2024-11-22
2024-11-21
2024-11-21
87369
30425
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.