Эрүүл байх нууц

2018-02-6 Уламжлалт анагаах ухаан

-Биеийг өвчлүүлээд байгаа хамгийн гол шалтгаан бол сэтгэл-

Уламжлалт анагаах ухааны талаарх ойлголтыг өгөхийн тулд эхлээд хүний үүсэл, хүн хэрхэн үүсдэг явцаас товч дурдъя. Европ анагаах ухаанд эр эм бэлгийн эс нийлж байж үр тогтдог гэж үздэг. Харин уламжлалт анагаах ухаанд энэ хоёр дээр нэмээд намш гэдэг нэг ойлголт гарч ирдэг юм. Намш гэдгийг товчхондоо “хий” гэж ойлгож болно. Энэ нь хүний биед үнэхээр чухал.

Учир нь хүн үүсэхдээ, эхийн хэвлийд эцгийн цагаан дусал, эхийн улаан дусал, дээрээс нь өөрийн намш гээд энэ гурван зүйлээс бүрэлдэн тогтдог. Намш гэдэг нь бидний, олон галав туулж муу сайн үйлийн үрийг минь тээгээд яваад байдаг нэг сүнс юм. Тэр намшийг л биежүүлэхийн тулд тэр хоёр эс туслах үүрэг гүйцэтгэж байгаа юм л даа.

Намш биежээд нөгөө дусал, цуснууд ороод бүх эрхтэн системүүд үүсэж байна. “Хий”-н оролцоо их чухал. Эхийн хэвлийд таван долоо хоногтойд анхны гол үндсэн гурван судасны эх үүсвэр бий болдог. Тэр нь Ром буюу цусан судас(артер венийн), Ум буюу хийн судас, Жам буюу тархи нугас дагасан мэдрэлийн судсууд юм. Гурван судас үндсэндээ ингэж үүсдэг. “Хий” нь умдаа голлож оршино гэсэн үг.

Цусан судас болон мэдрэлийн судсандаа хийн гүйдлээр эдгээр нь тархана. Хүний цус бүх биед тархана гэдэг бол хийгээр ингэж урсаж хөдөлдөг гэсэн үг. Биеийн дотор гадар бүх хөдөлгөөнүүд хийгээр зохицуулагдаж байдаг. Нөгөө цагаан судас чинь бүх эрхтэн системийн мэдрэлжүүлэлтийг хангаж байна шүү дээ. Тэр мэдрэлжүүлэлтийн дотор гүйж байгаа хий гэж бас байна. Тэгээд яг өөрийн ум судсан дотор бас хий гүйж байна. Тэр хийн судас бол хоосон чанартай.  Хүнд задлан хийх юм бол хийн судас харагдахгүй. Хаана л эд эрхтэн, яс цус мах байна, энэ болгонд гүйж байгаа. Гэхдээ гол судас бол толгойн оройгоос бэлэг эрхтний үзүүрийн хэсэг хүртлэх ум судас юм. Өөрийн гэсэн төвлөрөлтэй байна. Энэ судасны хамгийн чухал үүрэг нь юу юм бэ? гэхээр дотор нь сэтгэл гүйж байгаад юм. Энд хатгалаа, оюун ухаанд хүрч мэдэрч байна гэдэг бол хийн судасны салаанууд биеийн бүх хэсэгт байгаа учраас тэр сэтгэлтэй холбоотой. Жишээлбэл, гэнэт айж цочингуут бүх биеээс хар хөлс садардаг. Тэгэхээр тэр сэтгэлийн хувь чинь бүх биед байгаагийн илрэл. Уурлангуут цусанд  халууны хүч хуримтлагдаад, харын билэг чанарууд ихэсч элэгний өвчин ч юм уу эсвэл цусны гол нүдэнд өөрчлөлт орох жишээтэй. Мөн их юм бодоод гуниглалаа, хүсэл тачаалын сэтгэл ийнхүү ихтэй байлаа гэхэд хийн эрхтнүүд болох зүрх, бүдүүн гэдэс, яс өвдөх жишээтэй. Хий голчлон гүйдэг хийн эрхтнүүд өвдөж байгаа юм.

Ер нь энэ биеийг өвчлүүлээд байгаа хамгийн гол шалтгаан бол сэтгэл. Тэгэхээр тэр хийн гүйдлийг их төвшинд байлгах хэрэгтэй. Амьдралдаа их сайхан байна гээд зарим хүмүүс байнга хөөрлийн байдалтай явдаг. Инээгээд л. Инээх сайн гээд. Гэтэл тэр хөөрөл чинь бас нэг их сайн зүйл биш. Эсвэл байнга уурлаад байх юм бол ялгаагүй. Тэгэхээр сэтгэл маш их амгалан байж, амар тайван дотор оюун ухааны хүчийг их сайн асааж өгөх ёстой. Ер нь уламжлалт анагаах ухааны эмч нар аль болохоор тэр хүний сэтгэлзүйд нь хүрч эмчлэхийг боддог, хичээдэг. Тэгэх ёстой байдаг юм. Өвчний шалтгааныг таслая гэвэл эхлээд сэтгэлд байгаа муу сэтгэлийг таслах. Уг нь бол хүний бие гэдэг сэтгэл оюун санааг гэгээрүүлэх, бодийн сэтгэлтэй болгоход оршдог. Оюун санаа, оюун ухааны төвшнийг өндөр болгох гэсэн ийм л гол зорилготой.  Сэтгэл өвчтэй бол бие өвчтэй, сэтгэл эрүүл бол бие эрүүл.

УАУ-ы их эмч, АУ-ы доктор Г.Одонцэцэг

Өнөөдрийн онч үг

11 цагийн өмнө

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.