Тооноос чанарт шилжих бодлого хэрэгжүүлж байгааг олон улсын мэргэжлийн байгууллагууд сайшааж байна

2018-06-14 Мэдээ, мэдээлэл

“Даян дэлхийн тогтвортой мал аж ахуйн хөтөлбөрийн олон талт түншүүдийн 8 дугаар уулзалт” гурав дахь өдрөө амжилттай боллоо.

Өнөөдрийн үдээс хойших хурлаар мал, амьтны эрүүл мэнд, бэлчээрийн менежмент, мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал зэрэг асуудлыг салбар хуралдаануудаар авч хэлэлцсэн юм. Тухайлбал, Азийн орнуудад тэр дундаа Монгол, Казахстан, Киргиз, Тажикстан улсуудад бэлчээрийн доройтол нэмэгдэж, малчид, тариаланчдын хооронд үл ойлголцол үүсдэг зэрэг нийтлэг асуудал тулгамдаж байна. Нөгөө талаар малын тоогоо өсгөх нь богино хугацаанд малчдад ашигтай байж болох ч урт хугацаанд бүтээмж буурч, тэр хэрээр малчдын орлого багасах эрсдэлтэй.

Тиймээс бэлчээрийн тухай эрх зүйн цогц орчныг бий болгож, хоршооллыг хөгжүүлэн, байгальд ээлтэй бөгөөд тогтвортой, үр ашигтай мал аж ахуйг бодлогоор дэмжих нь чухал гэж даян дэлхийн мал аж ахуйн төлөөлөгчид үзэж байна. Үүн дотроо, ноосны урамшууллыг кг тутамд тооцож олгохын оронд чанартай түүхий эд нийлүүлсэн малчныг урамшуулдаг байх нь эдийн засгийн үр ашигтай хөшүүрэг бөгөөд тооноос чанартай шилжих Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхэд тус дөхөм болох нэг жишээ гэдгийг онцолсон. Монгол Улсын Засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас малын эрүүл мэндийг хамгаалах, үүлдэр угсааг сайжруулах, тодорхой бүс нутаг эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх бодлого баримталж байгааг сайшааж байгаагаа энэ дашрамд илэрхийллээ.

Энэ өдөр Монгол Улсын хүнс, хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж буй гадаадын төслүүдийг төлөөлөгчдөд танилцуулсан юм. Тухайлбал, арьс шир, ноос ноолуур, мах, сүүний салбарын боловсруулах үйлдвэрүүдийн бизнесийн үр ашигтай ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж “Монгол Улсад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл”-ийн багийнхан үзэж байна. Тиймээс ч дээр дурдсан хөдөө аж ахуйн дэд салбарт цэвэр технологи нэвтрүүлэх, байгаль орчны болон чанарын стандартыг мөрдүүлэх, шаардлагатай техникийн туслалцаа үзүүлэх, хүний нөөцийн ур чадварыг дээшлүүлэх, мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн хэрэгцээг тодорхойлж, сургалт зохион байгуулах, түүхий эд бэлтгэлийг сайжруулахад тулгамдсан асуудлыг шийдэхэд гүүр болох, бусад байгууллагатай хамтран ажиллах зэргээр тодорхой ажил хийж байна.

Маргааш буюу 6 дугаар сарын 14-ний өдөр “Нүүдлийн мал аж ахуйн тогтвортой хөгжлийг дэмжих бодлого” бүс нутгийн форум болно. Форумын үеэр “Монголын нүүдлийн мал аж ахуй” видео танилцуулга хийж, “Монгол орны бэлчээрийн мал аж ахуйн байгаль, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шаардлага, боломж, саад бэрхшээл” сэдвээр илтгэл хэлэлцүүлнэ. Мөн Монгол Улсын тогтвортой мал аж ахуйн үйл ажиллагааны төлөвлөгөөг 34 орны 120 гаруй төлөөлөгчдөд танилцуулна гэдгийг онцлон дурдъя. Хурлын төгсгөлд “Нүүдлийн мал аж ахуйн салбарыг тогтвортой дэмжих бодлогууд” сэдэвт хэлэлцүүлэг болж, зөвлөмж гаргана.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.