Монголын Оюун ухааны академиас санаачлан жил бүр зохион байгуулдаг ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын долоо дахь удаагийн тэмцээний урьдчилсан шатны шалгаруулалт өнөөдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний Мягмар гарагт Монгол-Японы төвд эхэллээ. Тус тэмцээнд нийт 110 тамирчид бага, дунд, насанд хүрэгчид гэсэн гурван насны ангилалд ой тогтоолтын найман төрлөөр өрсөлдөн сүүлийн шатанд өрсөлдөх 56 тамирчин шалгаран үлдэх юм. Сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 18,19-нд явагдана.
Тус тэмцээний зорилго нь тогтоох чадвараа хөгжүүлж сурах арга барилыг эзэмшсэн оюунлаг хүүхэд, залуусыг дэмжих, хүн бүр оюуны чадамжаа дээд зэргээр ашиглаж болдгийг харуулах, олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцож Монгол улсынхаа нэрийг дэлхийн түвшинд гаргах оюуны спортын тамирчдыг тодруулахад оршиж байна.
Улсын аваргын тэмцээн нь нэр – зүс царай, тооны марафон, хийсвэр зураг, дуут цифр, олон багц хөзөр, түүхэн үйл явдал, багананд өгөгдсөн үгс, хурдны хөзөр зэрэг харааны болон сонсголын ой тогтоолтыг шалгах нийт 10 төрлөөр явагдана. Тэмцээний ерөнхий шүүгчээр Ой тогтоолтын спортын олон улсын шүүгч Х.Хатанбаатар ажиллах ба сүүлийн шатны шалгаруулалтад оролцсон тамирчдын гаргасан амжилт дэлхийн чансаанд бичигдэнэ.
Одоогийн байдлаар оюуны спортын 66 тэмцээнийг дотооддоо амжилттай зохион байгуулж 4300 гаруй тамирчдыг хамруулан олон улсын чанартай 42 тэмцээнд тамирчдаа бэлтгэн оролцуулж ой тогтоолт, цээж бодолт, рубик шоо, хурдан уншлага, спорт өрөлтөөр олон улс, дэлхий, оюуны олимп зэрэг томоохон тэмцээний аваргуудтай болж нийтдээ 607 медалийг хүртэн эх орноо олон улсад амжилттай сурталчилсаар байна. Тэмцээнтэй холбоотой мэдээллийг 7000-2266, 8806-4196, 8002-2266 дугаараас лавлаж болох нь.
А.Уянга
87350
30348
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.