“Ulaanbaatar book fair” өнөөдөр нээлтээ хийнэ

2018-05-25 Боловсрол


“Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагаас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулдаг уламжлалт номын баяр өнөөдөр нээлтээ хийнэ. Ном сонирхогчдын хүсэн хүлээдэг хаврын номын баяр буюу “Ulaanbaatar book fair” энэ жил “Хүссэнээрээ уншицгаая” уриан дор болох бөгөөд шинэ байгууллага, шинэ уран бүтээлчид нэгдэж буйгаараа онцлогтой ажээ. Энэхүү номын баяр нь зохиолч, уншигчдыг уулзуулж, хэвлэн нийтлэгчид шинэ ном бүтээлүүдээ дэлгэн танилцуулж, хуучны ховор содон номууд олж авах, номын салбарт гарч буй шинэ мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх гүүр болдог арга хэмжээ болж чадсан юм.

Энэ жилийн номын баяраар хэрэглэгчдэд гар утаснаасаа ном унших, сонсох үзэх боломжийг олгож буй номын цахим үйлчилгээний М+ аппликейшны тухай илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх юм байна.

Мөн олонд танигдсан “Нэпко”, “Монсудар”, “Болор судар”, “Номын хүрд”, “Тагтаа” зэрэг хэвлэлийн газрууд бүгд уг баярт оролцож уншигчдадаа ном, бүтээлээ 20-70 хувийн хямдралтай санал болгох ажээ. Энэ баярын онцлох зочдоос дурьдвал сүүлийн хоёр жил эрүүл мэндийн шалтгаанаар номын баяртаа оролцож чадаагүй байсан Ардын уран зохиолч П.Бадарч, саяхан Франц улсын соёлыг түгээсний төлөө тус улсын төрийн дээд шагнал, Хүндэт Легионы одонгоор шагнагдсан нэрт орчуулагч Т.Төмөрхүлэг нар ном бүтээлтэйгээ оролцох гэнэ. Мөн соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Г.Аким, соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Ж.Нэргүй, нэрт орчуулагч Д. Болдбаатар, сэтгүүлч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ганчимэг, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сүхзориг, зохиолч Б.Шүүдэрцэцэг, сэтгүүлч Б.Ойдов, судлаач Д.Гүн-Үйлс нарын олон зохиолч шинэ бүтээлүүдээ номын баяраар олонд дэлгэх нь.

Дашрамд дуулгахад, тус баяр баасан, бямба гаригт үргэлжлэх бөгөөд энэ үеэр шинэ номын нээлт, гарын үсэгтэй худалдаа, урлаг соёлын хөтөлбөрүүд болох юм байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.