Тэгвэл 2018 оны зуны гэрэлт гудамжийн нээлтийг тавдугаар сарын 11-нд хийхээр төлөвлөжээ. Дашрамд, циркийн уулзвараас “Наран плаза”-гийн уулзвар хүртэлх талбайг хатуу хучилттай болгож явган замыг нэмэгдүүлэн, олон нийтэд зориулсан үзвэрийн дэлгэц, 400 хүний амралтын суудал бий болгосон юм. Мөн ногоон байгууламжийн нөхөн сэргээлт, сэлгэлт, авто зам болон явган замын гэрэлтүүлэг, гэрлэн чимэглэл зэрэг орчны тохижилтын ажлыг хийсэн аж.

Шөнийн гэрэлт гудамж долоо хоног бүрийн баасан гаригийн 22.00 цагаас даваа гаригийн 06.00 цаг хүртэл ажиллана. Энэ үеэр автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан, хамтлаг дуучид, ардын урлагийнхан гээд урлаг соёлынхон тоглолт зохион байгуулж, тусгайлан суурилуулсан том дэлгэцээр иргэд хошин шог, концерт гэх мэт сонирхол татсан олон зүйлсийг үзэж сонирхох боломжийг бүрдүүлж өгдөг юм.