Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт 2018 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр Токио хотноо болов. Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс, Япон Улсын гурван талт уулзалт нь бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаа, харилцан ашигтай эдийн засгийн хөгжлийн асуудлаар санал солилцох чухал механизм болж байгаагийн ач холбогдлыг талууд дахин нотлов.
Хөгжлийн замаа бусдын албадлагагүйгээр бие даан сонгох эрхээ нийт улс орнууд нь эдэлж чадах, амар амгалан, хөгжин цэцэглэсэн Энэтхэг, Номхон далайн бүс нутгийн талаарх өөрсдийн төсөөллөө уулзалтын үеэр Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс тодорхой танилцуулав. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын дагуу Монгол Улстай хоёр талын харилцаагаа өргөжүүлэх эрмэлзлэлээ Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс нотлож, Ази Номхон далайн бүс нутаг даяар хэлхээ холбоо, сайн засаглал, олон улсын эрх зүйн хэм хэмжээнд суурилсан эмх журмыг хөхиүлэн дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжуудын талаар гурван улс санал солилцов.
Солонгосын хойгт сүүлийн үед өрнөж буй нааштай үйл явцыг гурван тал сайшаав. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүр мөсөн, хяналттайгаар, эргэлт буцалтгүйгээр ангижруулах асуудлыг баталгаажуулах зорилгоор Умард Солонгост үзүүлж буй дэлхийн нийтийн шахалтыг үргэлжлүүлэх, түүний дотор НҮБ-ын АЗ-ийн холбогдох бүх тогтоолыг бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн төлөө байгаагаа тэд дахин нотлов. Хулгайлагдсан иргэдийн асуудлыг нэн даруй шийдвэрлэх зэрэг хүмүүнлэгийн асуудлуудад анхаарал хандуулахын чухлыг гурван улс онцлон тэмдэглэв.
НҮБ-ын энхийг сахиулах болон дэлхийн мөргөлдөөнт бүсүүдэд тогтвортой байдлыг хангахад чиглэсэн ажиллагаанд оруулж буй Монгол Улсын хувь нэмрийг Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улс өндрөөр үнэлэв. Гурван тал болон олон талын хүрээнд аюулгүй байдал, энхийг сахиулах чиглэлээрх хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар санал нэгтэй байгаагаа оролцогчид дахин нотлов. Мөн олон талт хамтын ажиллагааны бүтэц, байгууллага, эвсэл, тухайлбал АОХН, НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн хүрээнд нийтлэг үнэт зүйлс, олон улсын эрх зүйн хэм хэмжээг дэмжих үүднээс өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөхиүлэн дэмжихээ талууд батлав.
Харилцан ашигтай эдийн засгийн хамтын ажиллагаа нь гурван талын харилцаанд чухал байр суурь эзэлсэн хэвээр байна. Талууд худалдааг нэмэгдүүлэх, Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг Америкийн Нэгдсэн Улс болон Япон Улсын аж ахуйн нэгжүүдэд илүү таатай болгох, ялангуяа ил тод, тогтвортой байдлыг сайжруулах боломжийн талаар санал солилцов.
ОУВС-аас хэрэгжүүлж буй хөтөлбөрөөр дамжуулан санхүүгийн дэмжлэгээ үргэлжлүүлэх эрмэлзэлтэй байгаагаа Япон Улс дахин нотолж, төсвийн хариуцлагыг сайжруулах талаар авч буй хүчин чармайлтаа Монгол Улс цаашид тогтвортой хадгална хэмээн итгэж байгаагаа илэрхийлэв. Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал нь Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагааны билэг тэмдэг болохуйц бөгөөд Монгол Улс болон олон улс хоорондын харилцаа холбоог нэмэгдүүлэхэд ач холбогдолтой болохыг японы тал дахин тэмдэглэв. Монгол, Япон хоёр улс Олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг аль болох ойрын хугацаанд ашиглалтад оруулах явцыг шуурхайлах талаар хамтын хүч чармайлт гаргахаар тохиролцов.
АНУ нь Улаанбаатар хотын нийт ус хангамжийг нэмэгдүүлэх тухай Мянганы сорилтын корпораци, Монгол Улсын Засгийн газрын хооронд Хоёр дахь компакт гэрээг байгуулах эрмэлзэлтэй байгаагаа нотлов. АНУ нь Олон улсын тусламжийн агентлагийн санхүүжилтээр “REACH” хөтөлбөрийн хүрээнд Монголын жижиг, дунд үйлдвэрлэгчдэд зээлийн боломжийг нээж, “LEAD” хөтөлбөрийн хүрээнд Монголын шинэ үеийн ардчиллын манлайлагчдын хөгжлийг дэмжсэнээ тус тус тэмдэглэв.
Түүнчлэн мөнгө угаах, терроризм болон үй олноор хөнөөх зэвсгийг санхүүжүүлэхтэй тэмцэх Монгол Улсын чадавхийг бэхжүүлэхэд мөнгө угаахтай тэмцэх чиглэлээр Ази Номхон далайн бүсийн бүлгээс өгсөн зөвлөмжийг Монгол Улс бүрэн дүүрэн хэрэгжүүлэхийн чухлыг тэмдэглэн энэ чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар оролцогч талууд санал солилцов.
37 минутын өмнө
50 минутын өмнө
3 цагийн өмнө
3 цагийн өмнө
Өчигдөр
87365
30395
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.