Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны нэгдүгээр сарын 24-ний өдрийн 12 тоот тогтоолоор Сүхбаатар дүүргийн 10,11, 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах төвлөрсөн барилгын материалын зах, худалдааны төвийг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлэхээр болсон. Энэхүү шийдвэрийн дагуу хийгдэх ажлын төлөвлөгөөг тус газар худалдаа хийдэг наймаачдын төлөөлөлд Ажлын хэсгийн ахлагч Ч.Гантулга танилцууллаа. Энэхүү нүүлгэлтийн ажиллагаа дараах гурван үе шаттай байх гэнэ.
Нэгдүгээр үе шат
- Улсын бүртгэлийн ерөнхий газрын зарим чиг үүргийг дүүрэг, холбогдох цэгүүдэд шилжүүлэх,
- Баруун болон хойд чиглэлд барилгын материалын худалдааны шинэ зах нээх ажлыг судлах,
- Ил задгай, хоол хүнс барилгын материал болон бусад худалдааг зогсоох,
- Стандартын шаардлага хангахгүй хоолны газар түргэн үйлчилгээний цэг, дэлгүүрүүдийг хаах,
- Чулуу, будаг, төмөр цонхны болон бусад химийн хортой үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоох, нүүлгэн шилжүүлэх /Налайх дүүрэг/
Хоёрдугаар үе шат
- Явган болон автозамын нэвтрэх чадварыг сайжруулж, өргөтгөх /1-2 эгнээгээр нэмэгдүүлэх/,
- Ерөнхий төлөвлөгөөний дагуу орчны тохижилт, гэрэлтүүлгийг сайжруулах,
- Дахин төлөвлөлтийн дэд бүтцийг сайжруулж шинэчлэх төлөвлөгөө боловсруулах,
Гуравдугаар үе шат
- Шаардлага хангахгүй хуучны барилгуудыг буулгаж Ерөнхий төлөвлөгөөний дагуу барилгажуулах,
- Шинээр орчин үеийн худалдаа, үйлчилгээний төвүүдийг бий болгох,
- Сүхбаатар дүүргийн 10,11,12 дугаар хороодод дахин төлөвлөлтийн дагуу орон сууц хорооллыг барьж байгуулах зэрэг ажил тусчээ.