Гадаад харилцааны яамнаас “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зарлаж ГССХГ-ын захирал, хэвлэлийн төлөөлөгч Х.Мандахцэцэг цаг үеийн асуудлаар болон хийж хэрэгжүүлсэн онцлох ажлын талаар мэдээлэл өглөө.
Монгол, Туркийн Засгийн газар хоорондын эдийн засаг, худалдааны хамтарсан хорооны наймдугаар хуралдааныг өнгөрөгч сарын 20-21-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулав. Хамтарсан хорооны хуралдааныг монголын талаас Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, туркийн талаас Шадар сайд Хакан Чавушолу нар тус тус тэргүүлэн оролцсон. Талууд таван жилийн дараа зохион байгуулж байгаа Хамтарсан хорооны энэ удаагийн хуралдаанаар хоёр талын харилцааны асуудлууд, цаашдын хамтын ажиллагааны төлөв байдал, чиглэлийн талаар санал солилцов. Тухайлбал, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны зөвлөл, Туркийн экспортлогчдын нийгэмлэг, Туркийн худалдааны танхимуудын холбоотой хөгжүүлж буй хамтын ажиллагааг идэвхжүүлж, бизнесийг дэмжих уулзалт, арга хэмжээг энэ онд зохион байгуулж, цаашид тогтмолжуулахаар тохиров.
Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улстай найрсаг харилцаа, хамтын ажиллагааг тогтвортой хөгжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг болон бусад салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг дэмжих зорилгоор Худалдаа, эдийн засаг, техник, соёлын хамтын ажиллагааны Монгол, Казахстаны ЗГХК-ын 7 дугаар хуралдааныг өнгөрөгч сарын 28-29-ний өдрүүдэд Казахстан Улсын нийслэл Астана хотноо зохион байгуулав. Монгол, Казахстаны ЗГХК-ын Монголын хэсгийн дарга, ХНХ-ын сайд С.Чинзориг тэргүүтэй төлөөлөгчид хуралдаанд оролцож, худалдаа, эдийн засаг, зам тээвэр, боловсрол, хөдөө аж ахуй зэрэг салбарын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэж, хуралдааны дүнгээр Протокол байгуулав. Хуралдаанд оролцох үеэрээ ХНХ-ын сайд С.Чинзориг Казахстаны Хөдөлмөр, хүн ам, нийгмийн хамгааллын сайд М.Е.Абылкасымова, Үндэсний эдийн засгийн дэд сайд С.М.Жумангаринтай хоёр талын уулзалт хийсэн ба Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Хөрөнгө Оруулалт, Хөгжлийн сайд Ж.М.Касымбеков болон Самрук казына сан, “Таукен Алтын” алт цэвэршүүлэх үйлдвэрийн удирдлагатай уулзаж, үйл ажиллагаатай нь танилцав.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 3 дугаар хуралдаан Улаанбаатар хотноо 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр болов. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Засгийн газар хоорондын хамтарсан хорооны монголын хэсгийн дарга Н.Цэрэнбат, БНСУ-ын Гадаад хэргийн дэд сайд, хамтарсан хорооны солонгосын хэсгийн дарга Жо Хен нар хуралдааныг тэргүүлэн оролцов. Хамтарсан хорооны хуралдаанаар хоёр улсын “Иж бүрэн түншлэлийн харилцаа”–г гүнзгийрүүлэн бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, зээл, тусламжийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлыг хэлэлцсэн. Ялангуяа, БНСУ-ын Засгийн газрын 500 сая ам.долларын зээлээр хэрэгжүүлэх Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах төслүүдийг тодорхойлох ажлын явц, хоёр орны иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөхтэй холбоотой асуудлуудаар санал солилцсон.
БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяний урилгаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны хэлэлцээ хийж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нарт бараалхана. Мөн “Дэлхийн хөгжлийн төлөөх нээлттэй, шинэлэг Ази” сэдвийн дор зохион байгуулах Азийн төлөөх Боаогийн чуулга уулзалтад оролцоно.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр нар өнгөрөгч сарын 12-16-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Азербайжан Улсын Баку хотноо Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Парламентын Ассамблей дахь Торгоны замыг дэмжих бүлгийн Олон улсын анхдугаар бага хуралд оролцов. Бага хурлын бүгд хуралдаанд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар үг хэлж, Торгоны замын хөгжилд Монголын эзэнт гүрний гүйцэтгэсэн түүхэн үүргийг онцлохын хамт Торгоны замыг сэргээн хөгжүүлэхэд чиглэсэн орчин цагийн санаачилгууд, ялангуяа БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгыг Монгол Улсын Засгийн газар дэмжиж байгааг тэмдэглэв. Мөн айлчлалынхаа хүрээнд Азербайжан Улсын Гадаад хэргийн сайд Эльмар Мамедьяровтой уулзаж, хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, хоёр улсын Гадаад хэргийн яамд хооронд хамтран ажиллах тухай Санамж бичигт гарын үсэг зурсан.
Эх сурвалж: ГХЯ
1 цагийн өмнө
3 цагийн өмнө
4 цагийн өмнө
Өчигдөр
87365
30396
© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.