У.Хүрэлсүх: Бизнес эрхлэгчдийг дарамтлагчидтай хатуу тэмцэнэ

2018-03-28 Бизнес

Монголын Эдийн Засгийн Чуулганы эхний хэлэлцүүлэг өнөөдөр “Хүчээ нэгтгэе” уриатайгаар Төрийн ордонд эхэллээ. Чуулганаар УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон бусад зочдын хэлсэн үгнээс онцлох эшлэлийг хүргэе. 

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ:

Тэрбээр чуулганыг нээж бизнес эрхлэгчдийг дарамтлагчидтай хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн зөв засаглалыг бэхжүүлэх үндэс нь бодлого, институцын тогтвортой байдал гэдгийг тодотгоод өнгөрсөн хугацаанд эдийн засагт гарсан эерэг үзүүлэлтийг онцолсон юм.
Монгол Улсын Засгийн газар УИХ-аас баталсан Эдийн засгийг сэргээх хөтөлбөрийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлснээр өнөөдөр эдийн засгийн төлөв байдал сэргэн, тогтворжиж байгааг дараахь статистик үзүүлэлтүүдийг тодрууллаа. Үүнд:
  • Эдийн засгийн өсөлт 2016 онд 1.2 хувьд хүрч буурч байсан бол 2017 онд  5.1 хувьд хүрч өслөө.
  • Өрийн удирдлагыг сайжруулж, Хөгжлийн банк болон Чингис бондын 1.1 тэрбум ам.долларын өрийг төлж барагдууллаа.
  • 2017 онд экспорт түүхэндээ анх удаа 6.2 тэрбум ам.долларт хүрч, гадаад худалдааны ашиг 1.9 тэрбум ам.доллар болж нэмэгдлээ.
  • Засгийн газар төсвийн сахилга бат, хариуцлагыг дээшлүүлж, төсвийн алдагдлыг хоёр дахин буурууллаа.
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалт 2.5 дахин өсч,хөрөнгө оруулалтын хэмжээ 1 тэрбум 500 сая ам.долларт хүрлээ.
  • Гадаад валютын албан нөөц 3.2 тэрбум ам.долларт хүрч, төлбөрийн тэнцэл 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарлаа.
  • Валютын нөөц нэмэгдсэн нь эдийн засгийн тогтвортой байдлыг хангах боломжийг бүрдүүлж,
  • Манай улсын өрхийн бодит орлого сүүлийн дөрвөн улирал дараалан өсч, өрхийн бодит зарлага гурван улирал дараалан нэмэгдсэн байна.
  • Сүүлийн хэдэн жил тасралтгүй өсч байсан ам.долларын ханшийг тогтворжуулж, төгрөгийн ханшийг чангарууллаа.
  • Эдгээрийн үр дүнд эдийн засгийн төлөв сайжирч, тогтвортой байдал руу шилжиж байна.

Мөн тэрбээр “Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой, эрх чөлөөтэй, сэтгэл хангалуун, амар амгалан амьдрах ёстой” гэв.

Үүний тулд УИХ-аас баталсан “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”, “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”, “Хөгжлийн зам хөтөлбөр” зэрэг бодлого, зорилтот хөтөлбөрт нийцүүлэн оюун санаа, эдийн засаг, төрийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд чиглэсэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ыг Засгийн газрын хуралдаанаар 2018 оны нэгдүгээр сард батлан хэрэгжүүлж байна гэсэн юм.

УИХ-ЫН ДАРГА М.ЭНХБОЛД: УИХ-ын зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарах болно

Энэ оны хувьд эдийн засгийн өсөлтийг дунд хугацаанд тогтвортой хадгалах, улмаар дунд хугацаанд гадаад зах зээлээс хамааралгүй, өөрөө өөрийгөө тэтгэдэг болгохын тулд бүтцийн өөрчлөлтийн бодлогыг явуулах нь чухал.
Ирээдүйн тэтгэвэр авагчийн амьдралын баталгаа, тэтгэврийн сангийн шинэчлэлийн асуудал орхигдсон хэвээр байна. УИХ-ын зүгээс эдийн засгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд анхаарах болно. 

 Н.БАЯРТСАЙХАН: Монголбанк 6-7 тэрбум ам.долларын нөөцтэй байх ёстой

Тэрбээр “2017 он амаргүй жил болж өнгөрлөө.  Гэхдээ бид амжилттай даван туулсан. 2018 онд Ерөнхий сайдын хэлсэнчлэн эдийн засгийн реформ, шинэчлэлийн бодлогоо амжилтай хэрэгжүүлэх эхлэх ёстой. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа бодлогыг дэмжих чиглэлээр төв банк ажиллана. Мөнгөний бодлогоо зөөлрүүлэх, хувийн хэвшлийн салбарт орж ирж байгаа хөрөнгө оруулалтыг амжилттай хэрэгжүүлэх орчин бүрдүүлэхээр ажиллаж байна.

Үндэсний аюулгүй байдлын бодлогын баримт бичигт туссанчлан Монголбанк 6-7 тэрбум ам.долларын нөөцтэй байх ёстой. Гэвч энэ шаардлагыг хангахгүй явж ирсэн. Нэг жилийн өмнө төв банк 1 тэрбум ам.долларын нөөцтэй байсныг 3 тэрбум ам.доллар болгож өгсгөсөн.

Үүнд гурван зүйл нөлөөлсөн. Нэгд, төв банк өнгөрсөн жил 20 тонн алт худалдан авсан. Засгийн газар олон улсын хөрөнгийн зах зээл дээр амжилттай ажиллаж, 2 удаа бонд гаргаж, хугацаа тулсан бондыг сунгаж чадсан. Гурав дахь нь Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдсанаар 576 сая ам.доллар өнгөрсөн жил орж ирсэн. Энэ гурван үзүүлэлтийн дүнд валютын нөөц гурав дахин нэмэгдсэн. Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд туссан үзүүлэлтийг ойрын хугацаанд биелүүлэхийн төлөө ажиллана” гэлээ.

САНГИЙН ДЭД САЙД Х.БУЛГАНТУЯА: Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг батлах ёстой

“Гурван тулгуурт хөгжлийн бодлогыг дагаад Улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг Үндэсний хөгжлийн газраас боловсруулан батлуулах ёстой. Эх үүсвэрүүдийн хувьд гадаадын зээл тусламж, улсын төсөв, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа байна гэж үзэж байна.

Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хөрөнгө оруулалтын нийт дүн нь хэд байхыг бид тооцохоор ажиллаж байна” гэв.

 БААБАР: Сул дорой төр өөрийгөө мөхөөдөг

Тэрбээр “Төрийн өмч, төрийн бизнес алга болох цагт авлига өөрөө АТГ-тай ч бай, үгүй ч бай алга болно. Та захын түц-нд очоод чанаргүй бараа үнэтэй шахах гээд үз. Урдаас чинь салаавч өгөөд буцаана. 

Авлига, хээл хахууль бол төрийг нь өөрийг нь мөхөөдөг. Бүх шатандаа дээрэм хийдэг төрд хүмүүс итгэхээ болино. Аргагүйн эрхэнд хүмүүс төрийн үйлчилгээний төлөө авлига өгдөг.Авлигын их уурхай нь татвар төлөгчид биш. Шат шатанд суусан тамганы эзэд.  Төрийн албыг мэддэг, мэргэжлийн хүмүүст нь даатгаасай.

Гүйцэтгэх албыг цүнх барьснаар нь юм уу, үнэнч байснаар нь хэмждэггүй. Төрийн мэргэшсэн нэг албан хаагчийг халахад түүнийг дагаад төрийн ой санамж устаж алга болдог. Сул дорой төр өөрийгөө мөхөөдөг. Хүчирхэг төр шийдвэр гаргасан бол биелүүлж, Засгийн газар хэд ч солигдсон залгамж чанартай байх ёстой.

Хүчирхэг төр гэдэг данхар төрөөс ялгаатай. Монголын төр популизмаас салаасай. 

Монголын төр дэлхийн тавцан дээр бусад орнуудад дайсагнасан, өдөөн хатгасан үйлдэл битгий хийгээсэй. Монгол улсыг хөгжүүлэн цэцэглүүлэх нь бидний үүрэг болохоос биш тэдний үүрэг биш” гэв.

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН: 2017 он амаргүй жил болж өнгөрлөө

Тэрбээр “2017 он амаргүй жил болж өнгөрлөө. Гэхдээ бид амжилттай даван туулсан. 2018 онд бид реформыг бодлогоо амжилттай хэрэгжүүлэх ёстой. Засгийн газраас явуулж буй бодлогыг Монголбанк дэмжиж идэвхтэй ажиллана.

Бидний тавьж буй зорилт бол Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд тусгасан шаардлагын дагуу ойрын жилүүдэд 5-7 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэй болно.

Тайван нөхцөлд ажиллах боломж бүрдүүлье гэвэл бидэнд 20-30 тэрбум ам.долларын валютын нөөц байх шаардлагатай” гэв.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.