“Эерэг амьдарцгаая залуучууд аа!” аяны нээлт Налайх дүүрэгт боллоо

2018-03-27 Мэдээ, мэдээлэл

Нийслэлийн залуучуудад эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэгээн мөрөөдөлтэй зөв зорилготой болгох, “Эерэг амьдарцгаая залуучууд аа!” аяны нээлтийг өнөөдөр Налайх дүүргийн МСҮТ-ийн Урлагийн танхимд 500 гаруй оюутан залуучуудын оролцоотой зохион байгууллаа. Аяны нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗХГ-ын дарга С.Сүх-Очир, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн ГБХЗХХ-ийн дарга Б.Наранбаяр, Налайх дүүргийн МСҮТ-ийн дарга Ц.Сонгууль болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцов.

Тус үйл ажиллагааг НИТХ-ийн дарга С.Амарсайхан нээж, залуучуудад хандан “Түүх уламжлалаа мэдэж, зорилготой, хичээнгүй, хариуцлагатай байвал бүх боломж та бүхний өмнө нээлттэй бий. Энд хүрэлцэн ирсэн залуучуудын дундаас ирээдүйд дэлхийн хэмжээний зохион бүтээгчид, чадварлаг боловсон хүчин төрөн гарна гэдэгт би эргэлзэхгүй байна. Налайх дүүргийн залуучуудын дуу хоолойг сонсох, тэдний хөгжлийг дэмжих чиглэлийн үйл ажиллагааг НЗХГ-аас 14 хоног тутам уламжлал болгон зохион байгуулах тул залуучууд та бүхэн идэвхтэй оролцож, тулгамдаж буй асуудал болон санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлээрэй. Өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулж буй нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын хамт олонд талархал илэрхийлье” хэмээв.

Мөн энэ үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр илтгэл тавьж, эерэг хандлагыг төлөвшүүлж, их хотын соёлч иргэний зөв 10 дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхийг оролцогчдод уриаллаа.

Зөв 10 дадалд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг, Ёс заншлаа дээдэлж, зөвөөр хэрэгжүүлдэг, Санаачилгатай, оролцоотой, Эрүүл амьдралын хэвшилд суралцаж хэрэгжүүлдэг, Бусдын төлөө сэтгэл гаргадаг, Ногоон орчин бүтээдэг, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан, Цаг баримталдаг иргэн байх зорилтыг тусгаад байна.

Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эерэг амьдарцгаая залуучууд аа!” аяныг 2017 онд амжилттай зохион байгуулж, 6000 гаруй оюутан залуучуудыг тус үйл ажиллагаанд хамруулсан бөгөөд 2018 онд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.