Тэгэхээр өнгөрсөн сард албан тушаалтнуудын ХАСХОМ-т хийсэн төлөвлөгөөт хяналт шалгалтын явцад гурван албан тушаалтных зөрчилтэй гарсан байна. Үүнд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлэх үүргээ биелүүлээгүй Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Н.Энхболд нарт албан тушаалын цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулса аж. Мөн 2017 оны ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаагүй Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн байна.
Харин иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллүүдийг шалгаж албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой нь тогтоогдсон 9 гомдол, мэдээлэл байгаа аж. Үүнд дараах байдлаар хариуцлага тооцуулжээ.
-Баянгол дүүргийн 88 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Т.Эрдэнэчимэг нь багшийн мэргэжлээр их, дээд сургууль төгсөөгүй, багшлах эрхгүй Г.Мөнхзулыг бэлтгэл бүлгийн багшаар түр томилж албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 3 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
-Хан-Уул дүүргийн 65 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Б.Баярмаа нь албан үүргээ гүйцэтгэх явцдаа өөрийн хамаарал бүхий этгээдүүдийг ажилд томилж,чөлөөлсөн, түүнчлэн ажиллаж байх хугацаанд нь мөнгөн урамшуулал олгох зэргээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал олгосон нь тогтоогдсон тул Нийслэлийн Засаг даргын захирамжаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.
-Баянхонгор аймгийн Зоонозын өвчин судлалын төвийн дарга Э.Цэнд, Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгоны сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгч Э.Цэрмаа нар нь тухайн албан тушаалд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ гаргаагүй, мөн өөрийн хамаарал бүхий этгээдтэй холбоотой тушаалшийдвэр гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай тайлбарыг гаргаагүй нь тогтоогдсон тул эдгээр албан тушаалтнуудад цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
-Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Ууганбаяр нь өөрийн нэгдмэл сонирхолтой этгээд болох”Анхдагч-Аян” ХХК-ийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргахдаа ашиг сонирхлын зөрчил үүссэн тухай тайлбарыг гаргаагүй нь тогтоогдсон тул Булган аймгийн Засаг даргын захирамжаар албан тушаалын цалингийн хэмжээг 1 сарын хугацаатай 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан.
Түүнчлэн Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 733 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч хянаад хариуг хүргүүлсэн байна.
Энэ талаар тэрбээр “Энэ сард ЦЕГ, НДЕГ, ЭМЯ-наас хянуулахаар ирүүлсэн урьдчилсан мэдүүлэг олон байна. Тэгэхээр эдгээр байгууллага, салбарт томилгоо, шилжилт хөдөлгөөн их хийгдсэн гэж ойлгож болно. Тухайн албан тушаалд томилоход илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгаа тохиолдол бүрийг Авлигатай тэмцэх газар хянаж зохих этгээдэд хариуг өгч ажиллаж байна. Давхар ажил эрхлэлт болон аж ахуйн үйл ажиллагаа гардан эрхлэхтэй холбоотой хуулийн хориглолтыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцуулсан” хэмээв.
Үүнд, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Бодлогын хэрэгжилтийн газарт эмийн үнийн бодлого, хөнгөлөлттэй эмийн жагсаалт хариуцсан мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Э.Борхүү, Нийслэлийн Газрын албаны Газар чөлөөлөх хэлтсийн ахлах мэргэжилтнээр томилогдохоор нэр дэвшсэн Б.Мягмарсүрэн нар нь давхар ажил эрхлэхтэй холбоотой хориглолтыг зөрчсөн нь тогтоогдсон тул цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
Энэ үеэр тус газрын хэлтсийн дарга нар сэтгүүлчдийн сонирхсон асуултуудад хариулсан юм.
-Эрдэнэтийн 51 хувьтай холбоотой асуудлыг мөрдөн шалгаж, хэрэг бүртгэл үүсгэсэн гэдэг нь ямар утгатай вэ, эрүүгийн хэрэг мөн биз дээ. Мөн “Жаст”-ын Ж.Батхүү болон Дөрөвдүгээр цахилгаан станцын захирал С.Анхбаярыг баривчилсан нь Эрдэнэт үйлдвэртэй холбоотой юу?
-АТГ-аас “Жаст” группийн зээл авсан асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Яг энэ асуудлаар МУ-ын Ерөнхий сайд асан С.Баяр мэдүүлэг өгсөн. Түүнээс гэрчийн байцаалт авсан. Ж.Батхүү гэдэг хүн хэдэн компани байгуулснаас эхлээд шалгаж байгаа. Стандарт банкнаас хэдий хэмжээний зээл авсан болон зээл хаашаа юунд зарцуулагдсан, ямар компани, хувь хүний данс руу орсон зэргээр шалгаж байна. Энэ хэрэгт Төрийн өмчийн хороо зэрэг томоохон аж ахуйн нэгжүүд холбогдсон байдаг.
ТӨХ-ны дарга асан Д.Сугараас гэрчээр байцаалт авсан. Гарын үсгийг хуурамч байх магадлалтай гэсэн шинжээчийн урьдчилсан дүгнэлт гарсан байдаг. Манай газраас уг асуудлаар ТӨХ-ны дарга асан одоогийн ҮХЦ-ийн гишүүн Д.Сугараас дахин тайлбар байцаалт авна.
Дөрөвдүгээр цахилгаан станцын захирал С.Анхбаярын хувьд, нийтийн албан тушаалтан байгаа. Түүнийг албан худалдан авах үйл ажиллагаанд бусдаас хахууль авсан байж магадгүй гэдэг үндэслэлээр шалгаж байгаа.
М.Энхсайханыг Тавантолгойн гэрээний Засгийн газрын Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэж Нийслэлийн прокурорын газраас хэрэг үүсгэсэн. Элчин сайд М.Энхсайхан дуудсаны дагуу Монгол Улсад ирсэн. Өнөөдөр байцаалт өгөхөөр манай газарт ирсэн байна.