Европын холбоо ЖДҮ-ийг дэмжих төслөө үргэлжлүүлэхээ мэдэгдлээ

2018-03-2 Мэдээ, мэдээлэл

Европын холбооны Азийн хөрөнгө оруулалтын сангаас санхүүжиж буй Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөрийн удирдах зөвлөлийн хурал өнөөдөр ХХААХҮЯ-ны хурлын танхимд боллоо. Удирдах зөвлөлийн хуралд Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөл, жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцлоо. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь Жижиг, дунд бизнесийг дэмжих санаачилгын хүрээнд Монгол Улсад 2001 оноос санхүүжилт олгох, техникийн туслалцаа үзүүлэх, бизнесийн зөвлөх үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллаж байна. Тэр дундаа энэхүү Жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх хөтөлбөр 2016 оноос хэрэгжиж байгаа бөгөөд манай жижиг, дунд бизнес эрхлэгчдэд 20 сая ам.доллар хүртэлх, 5 жилийн хугацаатай зээлийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас шууд болон Хаан, Хас банкнуудаар дамжуулан олгож байгаа юм.

Удирдах зөвлөлийн хурлаар хөтөлбөрийн 2017 оны тайлан, 2018 оны төлөвлөгөөг хэлэлцсэн юм. Хурлын явцад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас “Ноолуур хөтөлбөр”, “Үйлдвэржилт 21:100 үндэсний хөтөлбөр”-үүдийг хэрэгжүүлэхэд хамтарч ажиллах боломжтой талаар Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлөөлөгчидтэй санал бодлоо солилцлоо. Мөн энэ үеэр Эрсдэл хуваалцах санхүүгийн бүтээгдэхүүнийг 2 арилжааны банк, нэг банк бус санхүүгийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаагаа мэдээлсэн.

Европын холбооноос Монгол Улсад суугаа төлөөлөгчийн газар, хэргийг түр хамаарагч Марко Ферри хэлэхдээ, “Европын сэргээн босголт, хөгжлийн банк Монголын ЖДҮ-ийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төсөл хөтөлбөрөө чиглүүлж байна. ЖДҮ-үүд санхүүжилт авах хүсэл эрмэлзлэлтэй байдаг ч банкны босгыг тавьж чаддаггүй, үйл ажиллагаа нь жигдрээгүй байдаг. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид санхүүгийн дэмжлэг, техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ үзүүлж байна. Мөн Монголын бүтээгдэхүүнүүдийг европын стандартад нийцүүлэх үүднээс Стандартчлал, хэмжил зүйн газартай хамтран ажиллаж, Стандартчлал, тохирлын үнэлгээний тухай хуулийг шинэчиллээ. Түүнчлэн Гадаад харилцааны яамтай хамтран экспортыг дэмжих чиглэлд төсөл хэрэгжүүлж байна” гэлээ. Мөн Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ирина Кравчинко, “Европын сэргээн босголт, хөгжлийн банкны зүгээс олон төрлийн санхүүжилтийн хэлбэрийг санал болгодог. Бид өнгөрөгч онд Монголын 10 компанид шууд зээл олгосон. Мөн Хаан банк, Хас банк, Хас лизинг, Транскапитал ББСБ-тай хамтран ЖДҮ-дэд зориулсан зээлийн шугам нээгээд байна. Түүнчлэн эрсдэл хуваалцах санхүүгийн үйлчилгээний хүрээнд нэг зээлийн гэрээ үзэглэсэн” гэв.

Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас одоогийн байдлаар Монгол Улсад зөвлөх үйлчилгээний чиглэлээр 115 төсөл хэрэгжүүлээд байна. Үүнээс 104 жижиг, дунд аж ахуйн нэгжүүдэд дотоодын зөвлөх, 11 компанид олон улсын зөвлөх үйлчилгээ үзүүлжээ. Тэдгээрийн 53 хувь нь жижиг, 24 хувь нь бичил, 23 хувь нь дунд аж ахуйн нэгжүүд байсан байна. Салбараар нь авч үзвэл хүнс, барилга, эрүүл мэнд, бөөний болон жижиглэн худалдаа, тээвэр зуучлалын компаниуд зонхилж байна. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг сонгон шалгаруулахдаа, үйл ажиллагаа явуулаад 2 ба түүнээс дээш жил болсон, жилийн борлуулалтын орлого нь 50 сая евро, компанийн актив 43 сая евро байх шаардлага тавьж байна. Ийнхүү зөвлөх үйлчилгээ үзүүлснээр эдгээр компанийн борлуулалт дунджаар 55,5 хувиар өсөж, 280 ажлын байр шинээр бий болжээ. Өнөөдөр болсон хурлын үеэр Жүр үр, Хаадын гэр зэрэг зөвлөх үйлчилгээ авсан компаниуд хэрэгжилт, үр дүнгийнхээ талаар танилцуулсан юм. Мөн эдгээр болон бусад компани бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ үзэсгэлэн гаргасан байлаа.

Хаадын гэр ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Батболд, “Манай компани дээр маркетингийн зөвлөх үйлчилгээний баг жил гаруй хугацаанд ажилласан. Үүний үр дүнд ажилчдын тоо 40-50 хувиар, жилийн борлуулалтын орлого 30-40 хувиар нэмэгдсэн. Мөн бүтээгдэхүүний загвар сайжирч, дотоодын зах зээлд илүү танигдсан. Одоо гадаад зах зээл гарахаар төлөвлөж байна хэмээн төслийн үр дүнгийн талаар ярилаа.

Цаашид Европын холбоо, Европын сэргээн босголт, хөгжлийн банкнаас Жижиг, дунд үйлдвэрлэгчдийн санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх төслөө үргэлжлүүлэн хэрэгжүүлж, дотоодын компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлэх цар хүрээгээ өргөжүүлнэ гэдгээ энэ үеэр мэдэгдсэн. Түүнчлэн Жижиг, дунд үйлдвэрийн тухай хууль эрх зүйн орчныг шинэчилж, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг чадавхжуулах төлөвлөгөөтэй байгаагаа Удирдах зөвлөлийн хурлын үеэр мэдээллээ.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.