Америкийн Монгол судлалын төвтэй хамтран ажиллах боллоо

2018-02-22 Мэдээ, мэдээлэл

Монгол Улсын ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Америкийн Монгол судлалын төвийн суурин захирал Тришаг өнөөдөр хүлээн авч уулзжээ. Америкийн Монгол судлалын төв нь 2004 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Тус төв нь Америкийн Монгол судлаач эрдэмтэн судлаачдыг Монголд судалгаа хийх, монгол эрдэмтэн судлаачидтай хамтрах боломжийг олгоход зуучлах үйлчилгээ явуулдаг аж. Үүнээс гадна Америк, Монголын судлаачдад тэтгэлэг олгодог бөгөөд ялангуяа соёлын өвийг хамгаалах чиглэлээр түлхүү тэтгэлэгт хамруулдаг байна. Тухайлбал оны өмнө нэг, оны дараа нэг монгол судлаачид тэтгэлэг олгожээ.

Америкийн Монгол судлалын төвийн шугамаар ихэвчлэн хэл, соёл, урлаг, түүхийн чиглэлээр судалгаа хийх судлаачид ирдэг байсан бол сүүлийн жилүүдэд судалгааны сэдэв өргөжиж байгаа ажээ. Тиймээс гадны монгол судлаачдыг дэмжиж, монгол судлаач нартай хамтарч ажиллах боломж олгоход дэмжиж ажиллахыг хатагтай Триша хүслээ. Мөн “Шинжлэх ухааны өгүүлэл англи хэл дээр хэрхэн бичих вэ” сургалтыг ШУА болон хүрээлэнгийн залуу судлаач нарын дунд явуулах боломжтой гэдгээ илэрхийлсэн байна.

Уулзалтын төгсгөлд ШУА-ийн ерөнхийлөгч Д.Рэгдэл Америкийн Монгол судлалын төвийг Түүх, археологийн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч ажиллах, эдгээр хүрээлэнгийн залуу судлаачдыг дэмжин ажиллахыг хүслээ. Түүнчлэн цаашдаа Монгол судлалыг дэмжих чиглэлээр хамтран ажиллахад Монгол Улсын ШУА-ийн үүд хаалга үргэлж нээлттэй байна гэдгээ илэрхийлээд шинжлэх ухааны өгүүлэл бичих сургалт болон бусад асуудлаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж ажиллах боллоо.

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.