АНУ багш нараа зэвсэглэх үү

2018-02-22 Ертөнц

АНУ-ын Флорида мужийн ахлах сургуульд буутай этгээд халдаж, 17 хүний аминд хүрсэн аймшигт хэрэг энэ сарын 14-ний өдөр гарсан билээ. Тэгвэл тус улсын Ерөнхийлөгч Д.Трамп цаашид ийм халдлагаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоохын тулд багш нарыг зэвсэглэх асуудлыг хөнджээ. Тэрээр өчигдөр аймшигт хэргийн хохирогчдыг хүлээж авч уулзах үедээ энэ талаар ярьсан байна. “Хэрвээ сургуулийн багш, ажилтнуудын хэн нэг нь зэвсэгтэй байсан бол халдлагыг шуурхай таслан зогсоож болох байсан“ гэж тэрээр хэлжээ. Тэрээр хохирогчидтой уулзаж, сэтгэл нь ихэд хөдөлсөн байх үедээ ингэж хэлсэн ч хэвлэлүүд “Ерөнхийлөгч багш нарыг зэвсэглэх санаачилга гаргалаа” хэмээн мэдээлээд эхэлжээ.
Д.Трамп мөн галт зэвсгийн хяналтыг чангаруулах, эзэмших эрх авахад тавьдаг шалтгуурыг нэмэх зэрэг арга хэмжээ авах ёстой гэдэг дээр хохирогчидтой санал нэг байгаагаа илэрхийлж байжээ. Уулзалтын үеэд тэрээр багш нарыг зэвсэглэх санаа цаашдаа маш олон эрсдэл дагуулж болохыг ч үгүйсгээгүй байна. Наад зах нь багш нарыг тусгайлсан бэлтгэлд хамруулахаас эхлээд асуудал гарна гэдгийг тэрээр хүлээн зөвшөөрсөн аж.
Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Клинтон дунд сургуульд буу оруулах асуудлыг хөндөж байсан. тэр үед Д.Трамп твиттер хуудсаараа дамжуулан энэхүү саналыг нь буруушааж байв.

Б.Сайхан

© 2017 newsmedia.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.